ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монголд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад айлчилна. Түүний айлчлалын тов тодорхой гараагүй ч  ирэх долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр байж магадгүй гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Тэрбээр Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад айлчлах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Киргиз улсад зохион байгуулагдсан ОХУ, БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нарын уулзалт дээр энэ талаар дурдлаа.

Тэрээр "ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна. Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе" хэмээсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нь 2014 онд Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол улсад албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Оросын харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан билээ.

Тэрбээр мөн өмнө нь 2000 онд Ерөнхийлөгчийн хувиар Монгол улсад төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа мөн айлчилж байсан юм.