Гурван өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй

Гурван өдрийн хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй

Өнгөрөгч  гурван өдөр баруун болон төвийн аймгуудаар 2008 онд болсон цаг агаарын онц аюултай үзэгдэлтэй төстэй шуурга болно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Ингэхдээ энэ сарын 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говь сүмбэр, Дорноговийн нутгаар Төв Дундговийн зүүн хэсгээр салхи 26-28 метр ширүүсч  зарим үед 34м/с хүрч, Төв аймаг, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурч байгалийн гамшигт үзэгдэл болно гэдгийг сэрэмжлүүлсэн юм.

2008 оны байгалийн гамшигт үзэгдлийн үеэр 52 хүн амь насаа алдаж, 324 бог мал сүйдэж 100 байшингийн дээвэр хуурч, цахилгааны шон нурж тог тасарч байжээ.

Тавдугаар сарын 16-ны өдрөөс тавдугаар сарын 17-ны 08.00 цаг хүртэл  Сэлэнгэ, Хэнтийн зүүн, Төв, Дорноговийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 0.0-28.6 мм хур тунадас оржээ. Үүнээс хамгийн их нь Дорнодын Гурванзагалд 28.6 мм хур тунадас орсон байна. Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 8-13 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 15-21 метр, түр зуур 23-27 м/с хүрч ширүүсч хүчтэй шороон шуурга шуурчээ.

Ямартай ч дээрх аймгуудад хүчтэй шороон шуурганы улмаас гамшиг, осол бүртгэгдээгүй аж.

Харин энэ сарын 14-нд Хөвсгөл аймагт  түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, секундэд 24 метр хүрч ширүүссэний улмаас тус аймгийн Тариалан, Рашаант сум тог цахилгаангүй болоод байсныг холбогдох албанынхан янзалсан байна. Баянхонгор аймгийн Бууцагаан суманд энэ сарын 15-нд шороон шуурга шуурсны улмаас тус сумын харьяат малчин Ж-ийн бэлчээрт байсан 390 гаруй бог мал шуурганд урууджээ. Улмаар тавдугаар сарын 16-ны өдөр цаг агаар тогтуун болсон тул малчид өөрсдийн хүчээр малаа эрэн хайхаар шийдвэрлэсэн байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр хүчтэй салхи, шуурганы улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Авшиг-Овоо гэдэг газар ой хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар таван  га талбай шатсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Алтан эмээлтийн хоёрдугаар гудамжинд малын өтөг, бууц шатсан тохиолдол бүртгэгджээ.

Цаг агаарын нөхцөл байдал муудсантай холбогдуулан өнгөрсөн баасан гаригаас эхлэн Сүхбаатар , Хэнтий, Дундговь болон Өмнөговь аймаг тус, тус  орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаад байсан бол өчигдрөөс эхлэн нээжээ. 

Энэ долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

54 минутын өмнө