О.Содбилэг: Би дөрвөн жил завсарлах болсноо У.Хүрэлсүх даргад хэлсэн

О.Содбилэг: Би дөрвөн жил завсарлах болсноо У.Хүрэлсүх даргад хэлсэн

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар МАН, АН, МАХН, ХҮН зэрэг улс төрийн намууд өнгөрөгч Бямба гарагт тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдээд байна.

Харин МАН-аас М.Энхболд, Д.Хаянхярваа, О.Содбилэг, М.Билэгт зэрэг гишүүдийг дэвшүүлээгүй юм.

Тэгвэл энэ талаар О.Содбилэг “Олон сонгогчид, сэтгүүлчид миний нэр дэвших талаар асууж сураглацгааж байгаа учир мэдээлэл өгье. Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 оны 9-р сард Эрдэнэт хотод ажил хэргээр очиход нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн 8 жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалахгүй хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан ба хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэж мэдэгджээ.

Сонирхуулахад, Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоц илгээж эх оронд нь авч ирж байгаа юм. Харин 10 мянга орчим иргэн одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа гэх албаны мэдээлэл бий. Тэгвэл тэдгээр иргэдийн дунд О.Содбилэг багтаж байгаа бөгөөд одоогоор тэрээр эх орондоо ирж чадаагүй байгаа юм.