ФОТО: Ерөнхийлөгчийн ээжийн байшин шатаагүй, хажуу айлынх нь гэр шатжээ

ФОТО: Ерөнхийлөгчийн ээжийн байшин шатаагүй, хажуу айлынх нь гэр шатжээ

Өнгөрсөн ням гарагт "Ерөнхийлөгчийн ээжийн байшин шатлаа" гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон цахим орчинд тархсан. ОБЕГ-ын мэдээлснээр тавдугаар сарын 17-нд Нийслэлийн Хан Уул дүүргийн 4 дүгээр хорооны "Арцат”-ын 15 дугаар гудамжинд иргэн Ж-ийн 5 ханатай  2 гэр , 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлага 20:10 цагт иржээ.

Уг дуудлага Яармагт баригдаж буй МУ-ын Ерөнхийлөгчийн ээждээ зориулсан гэх байшингийн хажуу хашаанд гал гарч байсныг Гал унтраах, аврах ангийнхан 20 минут ажиллан унтраасан байна .

Ерөнхийлөгч өөрийн бага насаа өнгөрөөсөн хашаа байшингаа засаж, ээждээ тохилог хоёр давхар байшин барьж байгаа талаар мэдээ өмнө нь гарч байсан.

-БАРИГДАЖ БАЙСАН БАЙШИН ШАТААГҮЙ ХАЖУУ
ХАШААНД ТҮЙМЭР ГАРЧЭЭ-

Бид бодит нөхцөл байдал ямархуу байгааг сурвалжилхаар тус барилгыг зорьсон юм. Гал гарсан хэсэгт биднийг очиход хоёр давхар барилгын ажил түр хугацаагаар зогссон, цөөн тооны барилгын ажилчид байв. Албан ёсны хариуцагч нь байгаагүй тул барилгын харуулаас зарим зүйлсийг тодрууллаа. Ямар барилгын компани ажил гүйцэтгэж байсан талаар мэдээлэл өгөх хүн байсангүй.

-Гал яг аль хэсэгт гарсан юм бэ. Барилга их шатсан уу?

-Баригдаж буй барилгын баруун талын хашаанд хоёр гэр байдаг юм. Тэднийг нэг нь шатаж, нэг нь галд хайрагдсан. Барилгатай их ойр байрладаг учраас баруун доод хэсгээрээ бага зэрэг хайрагдсанаас өөр зүйлгүй.

-Гал гарах үед барилга дээр хэдэн хүн ажиллаж байв. Хүн бэртэж гэмтсэн тохиолдол гарсан уу?

-Ойролцоогоор найман хүн ажиллаж байсан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.

-Барилга хэзээ ашиглалтад орох вэ?

-Би нарийн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд бэлэн болохгүй гэж бодож байна.

-ГАГНУУРЫН ОЧ ҮСЭРЧ ТҮЙМЭР ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Гал гарсан хашаанд хоёр гэр байжээ. Түүний нэг нь юу ч үгүй шатаж, үлдсэн нэг нь хажуу талаасаа нэлээд хайрагдсан байдалтай байв. Бид шатаагүй үлдсэн гэрийн эздээс болсон үйл явдлын талаар тодруулсан юм .

-Тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгөөч, галын дуудлагыг та өгсөн үү?

-Гадаа хүн амьтан орилоод байхаар нь гараад үзтэл аль хэдийн гал авалцаж байсан. Галын дуудлагыг миний хажуу айлууд давхар өгсөн байсан. Хуурай мод учраас гэр чинь тав, аравхан минутанд шатаад дуусчихдаг юм билээ. Орой 19:40 минутын үед гал гарч эхэлсэн. Гал командынхан ирээд 20,30 минут ажиллаад унтраасан.

-Шатсан гэрт хүн байсан уу, хэр их хэмжээний хохирол учирсан бэ?

-Байгаагүй. Өөр нэг айл хамаг эд хогшлоо хураачихсан, эзэнгүй гэр байсан юм. Манайх харж байсан юм. Эзэд нь цагдаа дээр санал, гомдлоо бүртгүүлсэн гэсэн. Манайх ч бас нэлээд хайрагдсан учраас цагдаа дээр гомдлоо гаргасан.

-Галын шалтгаан юу байсан талаар мэдэж байна уу?

-Тухайн үед хажуугийн барилга дээр гагнуур хийж байсан юм. Тэрнээс оч үсэрч шатсан болов уу гэж таамаглацгааж байна. Онцгой байдлынхан, цагдаа нар ирээд үзлэг шинжилгээ хийсэн хариу нь юу гэж гарсныг мэдэхгүй байна.

-Танайх энд хэр удаан амьдарч байгаа вэ. Барилга барих үйл явцад өмнө нь ямар нэг асуудал гарч байсан уу?

-Нөхөр бид хоёр нүүж ирээд жил болж байна. Энэ хашаа өөр хүний нэр дээр байдаг юм. Анх нүүж ирэхэд л баригдаж байсан. Өвөл зогссон байж байгаад дөрөвдүгээр сараас эхэлсэн. Орой долоо, найм хүртэл ажилладаг юм. Ямар нэг асуудал, хүндрэл гарч байгаагүй.