Тонхил сумын засаг дарга сэжигтнээр татагдаж, гурван хүүхэд өнчирч үлджээ

Тонхил сумын засаг дарга сэжигтнээр татагдаж, гурван хүүхэд өнчирч үлджээ

Энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн ажлын өрөөнд архидалт болж, тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдаг. 

Гэтэл дээрх хэргийн дуулиан намжаагүй байгаа энэ цаг үед тус аймгийн өөр нэг төрийн албан тушаалтан холбоотой байж болох ноцтой хэрэг энэ сарын 15 ны өдөр гарчээ. 

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж нэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байна. 

Болсон хэрэг явдлын тухайд эх сурвалж мэдээлэхдээ, “талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон. Түүнчлэн талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна” гэж мэдээлжээ. 

-ТЭДНИЙ ГУРВАН ХҮҮХЭД ӨНЧИРЧ ҮЛДЖЭЭ-

Энэ талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр үүрэгт гүйцэтгэг Н.Цээпилмаа хэвлэлд өгсөн тодруулгадаа “Засаг дарга Р.Даваадорж, талийгаач нар гурван хүүхэдтэй байсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс гурван хүүхдийг нь анхааралдаа аваад байна. Хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Манай байгууллагын зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажилласан” гэжээ. Тус хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Тонхил сумын засаг дарга Р.Даваадорж нь Говь-Алтай аймагт 1984 онд төрсөн. Санхүүч мэргэжилтэй тэрээр 2016 онд Тонхил сумын засаг даргаар томилогдсон ажээ. Тэрээр засаг даргын албан тушаалд очихоосоо өмнө сумын засаг даргын Тамгын газарт мэргэжлээрээ ажиллаж байжээ. Ингээд 2016 оны орон нутгийн сонгуулиар Тонхил суманд МАН олонх болсноор түүний хувьд Засаг даргын албан тушаалд очсон байна. 

-ШАЛГАЛТЫН ЯВЦАД Р.ДАВААДОРЖ БУСДЫН АМЬ БИЕД ХАЛДСАН ГЭХ НОТЛОХ БАРИМТУУД ЦУГЛАРСАН УУ-

Харин талийгаач Б нь Завхан аймгийн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсжээ. Мөн 2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны удирдлагаар суралцаж төгссөн байна. Тэрээр 2007-2009 онд Монгол шуудан банкны нягтлан бодогчоор, 2010 оноос хойш Тонхил сумын Хадгаламж болон Төрийн банкны захирлаар ажиллаж байжээ. 

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд амь хохирогчид сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл бий. 

Хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд цуглаад байгаа ба түүнд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэсэн гэж эх сурвалж мэдээлжээ.