Энэ сард шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буулгана гэв

Энэ сард шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр буулгана гэв

Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл гишүүд өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

МҮЭХ-ноос суурь үнэ дэлхийн зах зээлийн үнэ тариф буурсантай холбогдуулан 300-400 төгрөгөөр буурсан байгааг дахин бууруулах, стандарт бус гэж нэрлэж буй керосины төрлийн бүтээгдэхүүний наймааг таслан зогсоох, онцгой татвар ногдуулах шаардлагатай байгааг илэрхийлж, иргэд хөдөлмөрчдөөс автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой олон санал шүүмжлэл гарч байгааг онцгой анхааралдаа авахыг хүслээ.

Уг хуралд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, МҮЭХ-ны төлөөлөл дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНБГ-ын дарга М. Нямдаваа нар мөн оролцсон юм.

Мөн шатахууны үнэ тариф буурсантай холбоотой бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн тооцооллыг гаргаж бууруулах талаар төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах саналыг тавилаа. Харин МҮЭ-ийн холбооноос энэхүү салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин хөлсийг нэмэх шаардлагатай байгаа тул зохих хэмжээнд тооцооллыг нягтлан нэмэх боломжийг олгох, нефть импортлогч компаниуд салбарынхаа хэлэлцээрээр цалинг тодорхой хэмжээнд нэмэх үүргийг биелүүлэх, Ковид-19 вирусийн тархалтын өндөр эрсдэлтэй ШТС-ын ажилчдын хөдөлмөр хамгаалал, цалин хөлсийг сайжруулж ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлон танилцууллаа.

Нефть хий ассоциацийн тэргүүн н.Наранбат зардал өртгийн тооцоолол болон татваргүй нэрмэл стандартын бус шатахуунууд зах зээл дээр байгааг шүүмжилж цаашид цэгцлэх саналыг тавилаа. Сангийн яамны зүгээс зардлын тооцоолол дээр тодруулга авч жишиг зардлыг нягтлах, татварын орлогод нөлөөлөхгүй байх саналыг гаргав. Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин зөвлөмж гаргалаа.

1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргалаа.
2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААНБ-уудын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан /дахин бууруулах болж байгаа тул/ бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.