Хятад улс хоёр тэрбум долларын тусламжийг цар тахлын улмаас хохирсон хөгжил буурай орнуудад хандивлана

Хятад улс хоёр тэрбум долларын тусламжийг цар тахлын улмаас хохирсон хөгжил буурай орнуудад хандивлана

Өчигдөр болсон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын жил тутмын чуулган видео хэлбэрээр, коронавирусийн цар тахал дэлхий дахинд дэгдсэний дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байв. 

Чуулганы үеэр цар тахалтай холбоотой Хятад, Америкийн удирдагчдын зөрчил маргаан анхаарлын төвд байлаа.

Хятад улс Covid-19 өвчин үүсгэгч вирусийг Ухань хотын далайн гаралтай хүнсний захаас тархсан гэж дүгнэж байгаа. Харин АНУ-ын тал Ухань хотын өндөр хамгаалалттай лабораториос вирусийг алдагдсан гэж сэжиглэж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар дэлхий дахинд үхлийн аюултай вирус тараасан хэмээн Хятад улсыг буруутгаж, шинэ коронавирусийн гарал үүслийг мөрдөн шалгахыг уриалж байгаа.

Өчигдрийн чуулганы үеэр Дональд Трамп ДЭМБ-ыг Хятадын гарын аясаар хөдөлдөг хүүхэлдэй хэмээн шүүмжилж, тус байгууллагад үзүүлдэг санхүүгийн тусламжаа зогсоох тухай дахин мэдэгджээ. Тэрбээр "ДЭМБ-д АНУ-ын засаг захиргаа жил бүр $450 саяын санхүүжилт хийдэг нь хамгийн их хэмжээ. Гэсэн ч хангалттай  хэмжээнд хүндлэл хүлээхгүй байна. Хятад улс ДЭМБ-д жил бүр $40 саяыг хандивладаг. Бид өөрийн $450 саяыг бас $40 сая болгох боломжтой. Гэхдээ манай зарим хүмүүс үүнийг ч гэсэн хэтэрхий их гэж үзэж байна” хэмээн ярьжээ.

Харин Хятад улсын төрийн тэргүүн Ши Жиньпин энэ үеэр цар тахлын эсрэг Бээжингийн авч хэрэгжүүлж байгаа бодлогыг хамгаалсан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр "Цар тахал дэгдсэн цагаас эхлэн Хятад улс ил тод, нээлттэй ажиллаж ирсэн. Вирусийн гарал үүслийг шалгуулахад бид бэлэн. Гэхдээ коронавирусийн цар тахлыг дэлхий нийтээр бүрэн хяналтдаа оруулсны дараа зөвхөн ДЭМБ-ын тэргүүлсэн мэргэжилтнүүдийн багаар шалгуулах нь зөв" гэж мэдэгдсэн юм.

Ши Жиньпин хэлэхдээ Хятад улс коронавирусийн эсрэг вакцины таван хувилбарын клиник туршилтыг эхлээд байгаа ба бэлэн болмогц дэлхий нийтийн сайн сайхны төлөө зориулахаа амлажээ.

Үүнээс гадна ирэх хоёр жилийн хугацаанд Хятад улс нийт $2 тэрбумын тусламжийг цар тахлын улмаас хохирсон хөгжил буурай улс орнуудын эдийн засгийг сэргээхэд зарцуулахаа амласан байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхоном Гебрейесус тохиромжтой цаг ирэхэд өөрийн байгууллагын цар тахлын эсрэг авсан арга хэмжээг хөндлөнгийн байгууллагаар шалгуулахаа чуулганы үеэр мэдээлсэн байна.