ОХУ, БНСУ-д эмнэлэгийн ажилчдаас коронавирусийн халдвар илэрч байна

ОХУ, БНСУ-д эмнэлэгийн ажилчдаас коронавирусийн халдвар илэрч байна

ОХУ-ын Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь эмнэлгийн ажилтнууд байна гэж тус хотын захирагч Александр Беглов мэдэгджээ. Тэрээр “Санкт-Петербург хотод 3 дугаар сарын 1-нээс хойш 10887 хүн коронавирусийн халдвар авч, 2209 хүн эдгэрчээ. Харин 2,5 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварласан байна. Түүнчлэн эмнэлгээс гадуурх уушгины хатгалгаа туссан 13793 өвчтөнийн 7250 нь эдгэрчээ” гэжээ.

Өвчтөнүүдэд тусламж үзүүлэх үеэр коронавирусний халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн тэтгэмж олгох тухай тогтоолыг гаргаснаар халдвар авсан эмнэлгийн ажилтнууд 300 мянган рублийн нэг удаагийн тэтгэмж авахаар тогтоожээ.

Харин халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа алдахад хүрвэл 500 мянган рублийг авах аж. Харин халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдэд 1 сая рублийн нэг удаагийн тэтгэмж олгох юм байна. 

Мөн өнөөдөр БНСУ-ын хамгийн том нэгдсэн эмнэлгүүдийн нэг болох “Samsung Medical Center” эмнэлгийн дөрвөн сувилагчаас коронавирусний халдвар илэрсэн гэж Сөүл хотын захирагч Пак Вон Сон мэдээллээ. Тэрээр “Сувилагч нартай ойр байсан эмнэлгийн ажилтнууд, өвчтөнүүд зэрэг 277 хүний 265-д шинжилгээ хийж байгаа бөгөөд эмнэлгийн зарим хэсгийг түр хугацаагаар хаасан” гэжээ.

Зүрх судасны мэс заслын тасгийн сувилагчийн шинжилгээний хариу даваа гарагт эерэг гарсны дараа өөр гурван сувилагчаас халдвар илэрчээ. Халдвар илэрсэн эхний сувилагч өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилдаа ирээгүй бөгөөд ням гаргийн шөнөөс өндөр халуурч эхэлжээ.

“Samsung Medical Center” эмнэлгийн мэдээлснээр, уг сувилагч саяхан халдварын голомт болсон Сөүл хотын Итаевон дүүрэгт очоогүй гэв. БНСУ-д даваа гарагт коронавирусний халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11078 болоод байна. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө