Энэтхэг улсад шуурганы улмаас олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Энэтхэг улсад шуурганы улмаас олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж байна

Бенгалийн буланг асар хүчтэй шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаатай холбогдуулан Энэтхэгийн зүүн эргийн дагуу амьдардаг олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. 

Шуурга Баруун Бенгаль, Орисса зэрэг мужийг дайран өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд лхагва гарагт хөрсний гулгалт үүсэж болзошгүй байгаа ажээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдээлснээр, тусламж үзүүлэх 20 гаруй багийг хэдийн байршуулсан байна.

Энэтхэгт коронавирусний халдварыг хяналтад авахын тулд хөл хорио тогтоосны дараа олон мянган цагаач ажилчин хотуудаас тосгод руу дайжаад буй энэ үед шуурга дэгдэх төлөвтэй бөгөөд цагаачид олноор эргэн ирсэн мужуудад Баруун Бенгаль, Орисса муж багтаж байгаа ажээ. Орисса муж энэ сарын 18-наас 20-ны хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа лхагва гаргийн өглөө хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа хэдий ч тэднийг байрлуулах түр хоргодох байрны хүрэлцээ муу байна. Орисса мужид л гэхэд 800 түр хоргодох байрны 250-ийг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байгаа юм.

Баруун Бенгаль, Орисса мужийн эрх баригчид шуурганд нэрвэгдэж болзошгүй байгаа бүсийн сургуулиуд болон бусад барилга байгууламжуудыг түр хорогдох байр болгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн зайнаас харилцах дүрмийг мөрдөж байгаа тул ердийн үеийнхээс илүү олон түр хоргодох байр бэлтгэх шаардлагатай байгаа гэнэ.

“BBC Weather” сувгийн мэдээлснээр, Бенгалийн буланг 1999 оноос хойш дайран өнгөрсөн хамгийн хүчтэй шуурга энэ болох төлөвтэй байгаа бөгөөд тухайн үед шуурганы улмаас 9000 гаруй хүн амиа алджээ.

Энэтхэгийн Цаг уурын газар дээр дурдсан бүс нутгуудад түгшүүрийн шар түвшин тогтоож, Бенгалийн булангийн өмнөд хэсгээр ирэх 24 цагийн хугацаанд, хойд хэсгээр энэ сарын 18-20-нд загасчлахгүй байхыг зөвлөжээ. Шуурга тавдугаар сарын 20-ны үдийн орчимд Бангладешийн эргийг дайран өнгөрөх төлөвтэй байна.