БНХАУ-д 32 жилийн өмнө хулгайлагдсан хүү төрсөн аав ээжтэйгээ уулзжээ

БНХАУ-д 32 жилийн өмнө хулгайлагдсан хүү төрсөн аав ээжтэйгээ уулзжээ

Бага насандаа хулгайлагдсан хүү 32 жилийн дараа төрсөн аав, ээжтэйгээ уулзсан ховор үйл явдал саяхан БНХАУ-д тохиожээ. 1988 онд хоёр нас хагастай Мао Ин хүү аавтайгаа цэцэрлэгээс гэртээ харих замдаа сураггүй алга болсон юм. Тэрбээр өнгөрсөн Даваа гарагт БНХАУ-ын Шиань хотод аав, ээжтэйгээ уулзжээ.

Хүүгээ алга болсны дараа ээж Ли Жиньзи нь ажлаасаа гарч, эрэл хайгуул хийж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд 100,000 гаруй зарын хуудас тарааж, хэд хэдэн удаа телевизийн нэвтрүүлэгт орсон байна. Энэ хугацаандаа тэрбээр 29 гэр бүлийг хулгайлагдсан хүүхдүүдтэй нь уулзуулж чадсан ч өөрийнхөө хүүг олоогүй юм.

Гэтэл БНХАУ-ын цагдаагийн алба дөрөвдүгээр сарын сүүлээр алга болсон хүүг нь царайгаар таних технологийн тусламжтай олжээ.

Тэд хүүхэд ахуйн гэрэл зурагнаас нь насанд хүрсэн Маогийн хувилбарыг гарган аваад царай таних технологийн үндэсний хэмжээний баазад оруулан хайж эхэлсэн байна. Үүний дараа төрөлх Шиань хотоос 600 км зайтай Сичуань мужийн нэг хотоос 34 настай Мао Инийг олжээ. Олдсон залуугийн ДНХ шинжилгээний үр дүнд эцэг, эхийнхтэй нь таарч, БНХАУ-д ээжүүдийн баярт тооцогддог тавдугаар сарын 10-ны өдөр гэр бүлд нь баяртай мэдээг дуулгасан байна. Ингээд хагацсан гэр бүлийнхнийг 18-ны Даваа гарагт төрөлх Шиань хотод нь уулзуулжээ.

Аав нь хүүдээ ус олж уулгахаар түр орхих хооронд хэн нэгэн Мао Инийг хулгайлж, хөрш Сичуань мужийн хүүхэдгүй гэр бүлд 6,000 юаниар зарсан юм байна.

Хүүхдийн хулгай БНХАУ-ын хувьд олон жилийн турш том асуудал болсоор ирсэн юм. Хулгайлагдсан хүүхдүүдийг гэмт хэрэгтнүүд гуйлга гуйлгах, хулгай хийлгэх, боолын хөдөлмөр эрхлүүлэх, сэкс боол болгох зэргээр ашигладаг байна. Үүнээс гадна хүүхэдгүй гэр бүлүүдэд өргүүлэх, худалдах тохиолдол олон байдаг. Олон жилийн турш БНХАУ-д хэрэгжсэн “нэг хүүхэд”-ийн бодлого ч үүнд нөлөөлж байжээ. Зөвхөн өнгөрсөн онд БНХАУ-ын эрх баригчид 6,300 гаруй хүүхдийг ДНХ шинжилгээний үндсэн дээр эцэг эхтэй нь уулзуулжээ.

Алга болсон хүүхдүүдийг гэр бүлтэй нь нийлүүлэх зорилготой хамгийн том буяны байгууллага болох “Baby Come Home”-ын мэдээлснээр 1978 оноос хойш БНХАУ-д нийт 36,000 орчим ийм хэрэг бүртгэгдэж байжээ. Интерьер дизайны компани ажиллуулдаг Мао Ин хэд хоног аав ээжтэйгээ хамт байсны дараа оршин суудаг хот руугаа буцаж, амьдралдаа тохиолдсон гэнэтийн өөрчлөлтөд хэрхэн зохицох талаар бодох гэнэ.

Эх сурвалж: The Guardian




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө