ҮСХ-ноос 2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээллээ

ҮСХ-ноос 2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээллээ

ҮСХ-ноос Монгол Улсын 2020 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа.

ҮСХ-ны Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийхандын мэдээлснээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.6 хувиар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.5 хувиар өсөж, ажилд зуучлагдан орсон иргэд 0.2 хувиар буурчээ.  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний улирлын эцэст нийт 33 мянган иргэн бүртгэлтэй байна. Тэдгээрийн 62.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 37.4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар буурч, өмнөх сараас 6.5 хувиар өссөн байна. 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.

Харин мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 17.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.6 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 514.5 тэрбум төгрөгөөр буурсан. 

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.9 хувь буюу 8.7 их наяд төгрөг нь иргэдийнх байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 158.0 (13.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 328.0 (33.5%) тэрбум төгрөгөөр өсжээ. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.1 пунктээр өссөн дүнтэй гарсан. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37.0 (2.0%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80.0 (4.1%) тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.