н.Санжаасүрэн: Хохирсон хүнийг бус хохироосон хүнийг хамгаалдаг шүүх, прокурор байна

н.Санжаасүрэн: Хохирсон хүнийг бус хохироосон хүнийг хамгаалдаг шүүх, прокурор байна

Архангай аймгийн Цэнхэр сумын малчдын төлөөлөл тус суманд гараад буй малын хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд тус аймгийн прокурор, шүүхийн байгууллага малын хулгайчдаа өөхшүүлж буйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Цэнхэр сумын “Буйлан” багийн малчин 400 гаруй бод малаа хулгайд алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ үеэр малчин Санжаасүрэн "Би 2017 оноос хойш 32 адуу, 6 үхэр, 48 бог малаа хулгайд алдсан. Ямар хүн хулгайлсныг мэдэхгүй байна. Энэ хэрэг прокурор, шүүхийн байгууллагад очоод замхардаг. Малын хулгайн талаар ярихаар занал, зуултад ордог. Биднийг янз бүрээр дарамталдаг. Хохирсон хүнийг бус хохироосон хүнийг хамгаалдаг шүүх, прокурор байна. Мал хулгайлж, их хэрцгийгээр нядалсан байдалтай олддог.

Архангай аймгийн Цагдаагийн газарт Малын хулгайтай тэмцэх хэлтэс гэж бий. Хулгайчийг олсон ч ил тодоор зарладаггүй. Малын хулгай өнөөдөр ийм түвшинд хүрээд байгаа юм биш.

Манай сум алтны уурхайтай, жуулчны бааз олонтой. Тийм ч болохоор малын хулгайн эсрэг тэмцэхэд олон хүнийг дайчлах хэрэгтэй байна. Мал хулгайлаад амьдраад болдог юм байна гэсэн бодолтой залуус байна. Малын хулгайн эсрэг ахицтай арга хэмжээ авч хуулиа чангатгахгүй бол болохоо байлаа. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг малчид туйлдаж байна. Мэргэжлийн түвшинд хулгай хийж байна. Малын хулгай хийсэн хүний араас хөөх унаа ч байдаггүй. Хулгайчийг илрүүлж, малаа буцааж олж авсан ч өш санан ахин олон тоогоор нь хулгайлах үзэгдэл гарч байна" гэв.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө