Европын холбооны улсуудад нэмэлт амттай тамхи хэрэглэхийн хориглосон хууль хэрэгжиж эхэллээ

Европын холбооны улсуудад нэмэлт амттай тамхи хэрэглэхийн хориглосон хууль хэрэгжиж эхэллээ

Британи болон Европын холбооны орнуудад тавдугаар сарын 20-ноос эхлэн  гаатай тамхи худалдахыг хориглосон хууль үйлчилж эхэллээ. Энэ хууль нэмэлт амттай бүх төрлийн тамхийг хориглосон ч зах зээл дээрх нэмэлт амттай тамхинуудын ихэнх нь гаатай тамхи байдаг тул "гаатай тамхи хориглох" гэж нэрлэсэн талаар ВВС мэдээлжээ. 

Дээрх хууль хэрэгжсэнээр төрөл бүрийн амттай тамхинаас гадна амт үнэр оруулагч агуулсан шүүлтүүр, цаас, капсулуудыг ч худалдаалахыг хориглох аж. Түүнчлэн Британид нарийн тамхи худалдахыг хориглох бөгөөд эдгээр арга хэмжээ нь залуу үеийг тамхинд донтох байдлыг бууруулж чадна гэж эрх баригчид үзэж байгаа гэнэ.

Нэмэлт амт агуулсан тамхийг худалдахыг хориглосон хууль  2016 онд батлагдсан ч ийнхүү дөрвөн жилийн дараа Европ даяар хэрэгжихээр болжээ.

Олон оронд явуулсан судалгаанаас харахад залуус гаатай тамхийг аюул багатай гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тамхины утааг сорох үед гааны амт утааны үнэрийг дарах бөгөөд гаа нь сэрүү татсан мэдрэмж төрүүлж, хоолойн дээр гашуу оргиулах, ханиалгах шинж тэмдгийг бууруулах нь олонтаа. Чухамхүү иймээс л гаатай тамхи эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бага гэж залуус үздэг талаар эмч нар анхааруулдаг юм. Мөн яг л энэ шалтгаанаас болж залуучууд гаатай тамхи худалдан авдаг аж. Гэсэн ч төрөл бүрийн амттай тамхи хүний биед энгийн тамхитай адил үйлчилгээ үзүүлэх бөгөөд хавдар болон зүрх судасны өвчин үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Үнэндээ тамхичид ийм тамхины утааг илүү гүн сорж, утаа уушгинд удаан үлдэх бөгөөд ингэснээр хүний эрүүл мэндийг илүүтэй эрсдэлд оруулдаг юм байна.Түүнчлэн анх удаа тамхи татаж үзэж байгаа хүн нэмэлт амттай тамхи сонгосноор тамхинаас жигшилгүй, тамхи татах зуршилтай, никотиноос хамааралтай болох магадлал өндөр байдаг гэнэ.

Сүүлийн жилүүдэд Британид нэмэлт амттай тамхины зах зээл дээр эзлэх хувь өсөж байгаа бөгөөд 2010 онд тус улсын тамхины зах зээл дээр гаатай тамхи долоон хувийг эзлэж байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 8,5 хувь болсон байна.

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө