Гурван тэрбумын зээл өөртөө авч, 8.6 тэрбумын бусдад олгосон нь нотлогдсон Б.Батзоригийг нэг жил хорихоор төлөвлөжээ

Гурван тэрбумын зээл өөртөө авч, 8.6 тэрбумын бусдад олгосон нь нотлогдсон Б.Батзоригийг нэг жил хорихоор төлөвлөжээ

ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан, өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татаад байсан. Шүүхийн шатанд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон билээ.

Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн холбогдсон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Ингэхдээ Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт:

Нийтийн Албанд Томилогдох Эрхийг 5-8 Жил Хүртэл Хугацаагаар Хасаж,10,000-40,000 Нэгжтэй Тэнцэх Хэмжээний Төгрөгөөр Торгох, 2-8 Жил Хүртэл Хугацаагаар Хорих Ял Шийтгэхээр Заасан байдаг.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Уг хуулийн зохицуулалтаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шийдвэл нэг жилийн хорих ял авч, таван жилд нийтийн албанд ажиллахгүй байх шийтгэл авах аж. Харин учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй байх хуулийн зохицуулалт үйлчлэх аж.

Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хоёр ААН-д нийт 3 тэрбумын зээл олгосон нь нотлогдсон байдаг.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө