“Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хүний царай таньдаг 2000 камер суурилуулна

“Аюулгүй хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хүний царай таньдаг 2000 камер суурилуулна

Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болох аж.

Энэ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ жил 2000-аад камер суурилуулахаар төлөвлөжээ. Түүнээс 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулах юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байгаа бөгөөд 600 камер нэмж суурилуулснаар 28 хувийг хянаж чадах нь. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулна гэв. Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолж, үүний дүнд гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд нийслэлд нийт 3600 камер нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулснаас өнөөдрийн байдлаар 40 гаруй хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсон шалгалтаар тогтоогджээ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн " Нийслэлд хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ. Дэлхийн хотуудад ашиглаж байгаа, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулна. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг ийм систем юм" гэв.