Завхан аймагт Б.Явуухулангийн хөргийг бүтээсэн залуустай ярилцлаа

Завхан аймагт Б.Явуухулангийн хөргийг бүтээсэн залуустай ярилцлаа

“Арт Нүүдэл” төслийн хүрээнд Стрийт арт төрлөөр Завхан аймгийн Улиастай хотод Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн хөргийг бүтээжээ. Тус үйл ажиллагааны хүрээнд уран бүтээлч залуус дэлхийн урлаг графити хийх үйл явцыг нутгийнханд таниулж, алдарт зохиолчийн ном уншиж буй хөргийг мөнхөлсөн юм.

“Бидэнд дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн бичсэн графитчин залуус болох Begie, Shader, Reddjarr болон төслийг санаачлагчийн нэг КА нартай ярилцлаа. Тэд өөрсдийн урлагийн нэрээ хэлэхийг хүслээ.

-ХҮҮХДҮҮДЭД ҮЛГЭРЛЭХИЙН ТУЛД НУТГИЙНХ НЬ СЭХЭЭТНИЙ
ЗУРГИЙГ БҮТЭЭСЭН-

-Юуны өмнө Завхан аймагт бүтээл хийгээд ирсэнд нь баяр хүргэе. Нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, хэдий хэр хугацааг зарцуулан бүтээлээ туурвисан бэ?

-2016 онд бид анх “Арт Нүүдэл” төслийн хүрээнд Говь-Алтай аймагт мазаалай зурах ажилд хамтран ажилласан.  Тэр үед мазаалайг устаж үгүй болохын эсрэг дуу хоолойгоо хүргэх зорилгоор мазаалай зурсан. 2019 онд тус аймагт Л.Түдэв гуайн хөргийг бүтээсэн. Түүнээс хойш Явуухулан гуайн хөргийг бүтээх үйл ажиллагаанд гурван графитчин маань зургаа зурж, Завханаас гаралтай Desant, Wolfizm репперүүд, Majesty Label-ийн Dj Anu Dol уран бүтээлээ толилуулан зохион байгуулах албаны хүмүүс багтсан. Эдгээр уран бүтээлчид маань манай төслийг дэмжээд маш уриалгахан хүлээж авсанд маш их баяртай байгаа. Энэ үйл ажиллагаа маань тавдугаар сарын 18-24 хооронд зохион байгуулагдсан нийтдээ хоёр хоног зарцуулан бүтсэн. Өмнөхөөсөө арай өөр байлгая гэж бодсоны үндсэн дээр өөр үйл ажиллагаанууд нэмсэн. Сонирхох гэж ирсэн -хүмүүстээ зугаатай байхын тулд хөгжим тавьж, репперүүд маань төрсөн нутагтаа уран бүтээлээ толилуулсан. Цаашдаа өөрийн гэсэн өнгө аястай өөр өөр төрлийн уран бүтээлчидтэй төсөлдөө хамтрах зорилготой байгаа.

-Яагаад Бэгзийн Явуухулан гуайн хөргийг сонгож зурах болов. Бүтээлээрээ дамжуулж ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?

-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайг уншиж өссөн. Хоорондоо ярьж байгаад ном уншиж буй зургийг нь сонгосон. Тэр чинь бас цаагуураа хүүхдүүдэд нөлөөлж байгаа. Хүүхдүүд энэ хэн юм гээд асуухад нутгийн сэхээтэн гээд түүхийг нь хэлж өгөх болно.

-Бүтээл хийсэн объектоо яаж сонгосон талаараа хуваалцаач?

-Завханы Улиастай хотод Гудамж төслийн хүрээнд Явуухулангийн гудамж нээгдэж байгаа. Тэр гудамжны хамгийн эхэнд байрлах орон сууцны хана дээр зурсан байгаа. Харагдацаа бодоод, замын хажуугаар явахад хамгийн харагдууштай байрлал учраас сонгосон. 

-Зураг зурж байх үед нутгийн ард иргэд, засаг захиргааны хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

-Нутгийн удирдлагаас зөвшөөрөл авсан. Нутгийн өнгө үзэмжид нийцнэ гэж үзээд зөвшөөрсөн. Хөдөө орон нутагт байгаа дүү нартаа урлагийн таашаал өгөх, гудамжны урлагийг мэдрүүлэх зорилготой байсан учраас Монголдоо хамгийн томд тооцогдох графити хөргийг бүтээсэн.Бид эхлээд хар зураг буюу скизз гаргаж төлөвлөдөг. Түүнийг нь харчхаад нэг эгч ирээд биднийг шүүмжлээд явсан. Дууссаны дараа ирээд уучлалт гуйсан. Ер нь ахмад хүмүүс, залуус бүгд л ам сайтай байсан.

-Цахим орчинд та бүхний хийсэн ажил нэлээд эерэг хандалттай байсан. Хүмүүс урмын үг хэлсэн үү?

-Нэлээд хүмүүсээс урмын үг сонссон сайхан байсан. Цаашдаа хийх урам зориг авсан.

-Ер нь граффити хийх үедээ ямар мэдрэмж авдаг вэ. Тухайн үед  төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Халуун дулаан мэдрэмж авдаг. Илүү амьд урлаг гэж хэлж болно. Биднийг бүтээлээ хийж байхад, хүүхдүүд ирээд л асуулт асуухад нь бид тайлбарлаж өгөөд хажуугаар нь зургаа зурсаар байна. Тэр нь бусад урлагаас ялгаатай, давуу гэж боддог.

-Түүнийгээ эргэж шалгасан уу. Ямархуу байдалтай байна вэ?

2016 онд мазаалайг зурчхаад гурван жилийн дараа Л.Түдэв гуайг зурах гэээд очихдоо харахад зүгээр байсан. Ер нь графити элэгдэх тусам элээсэн цаг хугацаагаа харуулж байдаг учраас үнэ цэнэтэй болдог гэхүү дээ. Зурсан гадаргуу, будаг мэдээж чухал гэхдээ хэн нэгэн дээр нь нэмж зураад ,далдлахаас нааш арилахгүй.

-ГРАФИТИ ЗУРАГ ЭЛЭГДЭХ ТУСАМ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛДОГ-

-Та бүхэн анх хэрхэн энэ урлагт хөл тавьж нэгдсэн бэ?

Beeggie, Reddjarr хоёр график дизайнерийн мэргэжлээр хамт сургуульд сурч байгаад хамт сонирхоод өөрийн хүслээр орж байсан. Үүнээс энд -тэнд workshop маягийн юм зохиосон. Түүнээсээ шавьтай болсон тохиолдол бий.

-Хүндрэл бэрхшээл тулгардаг уу?

Үнэндээ монгол графитчид дэлхийн хэмжээнд байна гэж хэлж болно. Олон улсад урлаг гэж явдаг ч зарим хүмүүс ойлгодоггүй, шинэ зүйл хийж байгаа учраас бага зэрэг гайхдаг. Хүмүүсийн хандлага зөв болчихвол өөр асуудал байхгүй. Өмнө нь чанартай будаг байхгүй хэцүү байдаг байсан ч одоо тэр жижиг асуудлууд шийдэгдсэн.

-Том зураг зурах, гудамжинд зурах хоёрын ялгаа нь юу вэ?

-Том хэмжээтэй учраас илүү их төлөвлөлт шаарддаг. Процессын хувьд краны тусламжтай хийдэг учраас ярвигтай. Жирийн хана дээр бид өөрсдөө мэдрэмжээрээ зурчихдаг бол, доор краныхаа жолоочтой харьцах шаардлагатай болдог. Механик ажиллагаа илүү ихтэй гэж хэлж болно.

-Хэдэн жилийн өмнө граффити артыг хүмүүс ойлгодоггүй байсан. Одоо өөрчлөгдсөн болов уу?

-Хаана зурж байгаагаас шалтгаалан хүмүүс янз бүрээр хүлээж авдаг. Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага илүү эерэг болсон. Нөгөө талаас бидний хийсэн бүтээл тэдэнд яах ч аргагүй таалагдаж байгаа учраас шүүмжилж чаддаггүй байх. Бас хаана юу зурж байгаагаас хамаардаг. Хувийн өмч зэрэг дээр зурвал өөрсдөө асуудалд орох учраас эхлээд судалдаг.

-“Арт Нүүдэл” төслийн цаашдын төлөвлөгөө, зорилго юу вэ?

Манай төсөл залууст түүхээ мэдэх боломж олгох, мөн урлагийг нүүдлээр хүргэх гэсэн зорилготой. Урлаг өөрөө маш олон төрөл байж болох учраас алслагдмал байдаг хүмүүст түүнийг хүргэх нь чухал гэж боддог. Бас залуус маань орчин үе техник технологи гээд өв соёл, уламжлал бодит байдлаас тасраад байх шиг санагддаг. Тэр бүхнийг ойлгуулж мөн чанартаа анхаарал хандуулж үнэн байгаасай гэж боддог. Төслийнхөө хүрээнд 2016 оноос хойш нэлээд арга хэмжээнүүдийг зохион байгуулсан цаашдаа ч бас чадахаараа олон зүйл хийхийг хичээж байна. Аймгуудад графити уран бүтээл хийснээрээ энэ урлагийг Монголд хөгжүүлж ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлсэн гэж хэлж болно.