ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО: ХҮЭК-ын гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснийг өнөө, маргаашгүй зарлана

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО: ХҮЭК-ын гишүүнд 24 хүн нэрээ дэвшүүлснийг өнөө, маргаашгүй зарлана

Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/  даргаар ажиллаж байсан Ж.Бямбадоржийг өнгөрсөн сарын 17-ны өдөр /2020.04.17/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр бусдыг ёс бус үгээр доромжилсон учраас ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг УИХ-аар хэлэлцэн дэмжсэн юм.

Ингэснээр Хүний эрхийн үндэсний комисс нь одоогоор удирдлагагүй байгаа юм. Тиймээс дараагийн удирдлагыг сонгох шаардлага үүссэн. Энэ дагуу Хууль зүйн байнгын хороо ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нэр дэвшигчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийх юм.

Мөн ХЭҮК-ын даргаас гадна Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу нийт зургаан гишүүнийг сонгон шалгаруулахаар байгаа юм.

Сонгон шалгаруулалтыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө амжиж хийх байсан ч тэгэж чадаагүй. Тиймээс бид Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбатаас дээрх үйл явцын талаар тодрууллаа.

-Хүний эрхийн үндэсний комиссын даргын сонгон шалгаруулалтын ажил юу болж байна вэ. Нийт хэдэн хүн материалаа ирүүлсэн бэ?

-Нийт 24 хүн материалаа ирүүлсэн. Өнөөдөр амжихгүй бол маргааш сонгон шалгаруулалтын хороо хуралдаж энэ 24 хүнээсээ сонгоно. Өөрөөр хэлбэл, хуулийн шаардлагад нийцэх эсэх, материалаа үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах юм. 24 хүн 24 үүлээ сонгогдож магадгүй. Эсвэл тэднээс зарим нь сонгогдож болно шүү дээ.

Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Хамгийн өндөр оноо авсан хүнийг комиссын гишүүн гарсан орон тоогоор санал болгоод, УИХ-аас томилно.

-Нэрсийг зарлаж болох уу?

-Нэрсийг зарлах боломжгүй. Сонгон шалгаруулалт явагдаад байнгын хороогоор орох үед зарлана.

-Шинэчилсэн хуулиар ямар шаардлага тавьдаг болсон юм?

-ХЭҮК-ын тухай хууль шинэчлэн батлагдсан. Чуулганы завсарлагааны хугацаанд ХЭҮК-ын гишүүнийг томилох журмын тухай хуулийн төслийг боловсруулсан.  Энэ журмаар хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай, 35 нас хүрсэн, дээд боловсролтой, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй хүнийг ХЭҮК-ын гишүүнээр нэр дэвшүүлэхээр заасан. 

-ТОМИЛГОО НАМРЫН ЧУУЛГАНААС НААШГҮЙ БОЛОВ-

Ямартай ч сонгон шалгаруулалтын хороо өнөө, маргаашгүй хуралдаж сонгон шалгаруулалтаа хийх нь. Хуулиараа бол энэ үед нэр дэвшигчдийг нийтэд танилцуулж нээлттэй сонсгол явуулах ёстой. Гэхдээ хэдий Хууль зүйн байнгын хороогоор хамгийн өндөр оноотой хүмүүсийг баталсан ч эцсийн байдлаар УИХ-аар томилно. Гэтэл хаврын чуулган завсарласан учир одоогоор хэлэлцэх боломжгүй. Намрын чуулганаар хэлэлцэхээс наашгүй болж байна.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт УИХ дахь олонх, цөөнхийн бүлгээс тус бүр нэг, Хууль зүйн байнгын хорооноос нэг, ХЗДХЯ-наас нэг, Төрийн албаны зөвлөл, ШЕЗ, Хүний эрхийн чиглэлээр 5-аас доошгүй жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан форум, сүлжээнээс нэг, хэвлэл мэдээллийн байгууллагын санал болгосон нэг, мэргэжлийн байгууллагын нэг төлөөллийг оролцуулж байгаа аж.