МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томиллоо

МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Очирхуягийг томиллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/46 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаалыг БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, ахлах мэргэжилтэн П.Нямхүү нар МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Төмөрбаатарын өөр ажилд томилогдох болсонтой холбогдуулан гаргасан ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь үндэслэн БСШУС-ын сайдын тушаалаар МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Баянжаргалын Очирхуягийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Я.Төмөрбаатар МУИС-ийн хөрөнгө, санхүүг бэхжүүлэх, эрх зүйн байдлыг баталгаажуулах чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилласнаа дурдаад, нэг баг болон хамтран ажилласан эрдмийн хамт олонд талархал дэвшүүлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Очирхуягт тус сургуулийн тамга, гэрчилгээг хүлээлгэн өглөө.