Шатахууны үнэ 50-200 төгрөгөөр буурлаа

Шатахууны үнэ 50-200 төгрөгөөр буурлаа

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв. 

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар:

  • А-80 авто бензин 50 төгрөгөөр
  • АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр  
  • АИ-95 авто бензин 200 төгрөгөөр
  • Дизель түлш 160 төгрөгөөр буурсан. 

Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, Аи-92 автобензин 475 төгрөг, Аи-95 авто бензин 440 төгрөг, дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: 

  •  А-80 авто бензин-1,350 төгрөг 
  • АИ-92 авто бензин - 1,360 төгрөг
  • АИ-95 авто бензин 1,800 төгрөг
  • Дизель түлш - 1,990 төгрөг байна.