Хүүхдийн баярыг гэртээ гэр бүлээрээ тэмдэглэхийг уриалж байна

Хүүхдийн баярыг гэртээ гэр бүлээрээ тэмдэглэхийг уриалж байна

-ХҮҮХДЭД ЧИПС, УНДАА, ЧИХЭР ӨГӨХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас 7 цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажил юм.

Мөн хүүхдэд өгөх бэлэг ямар байх ёстой талаар асуудал яригдана. Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Тодруулбал, хүүхдийн бэлэг дотор хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа" гэлээ.

Энэ жилийн Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй бөгөөд Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллахгүй. Тиймээс хүүхдүүдийг олноор цуглуулж бэлэг тараахгүй байхыг анхааруулж байна гэдгийг хэвлэлийн хурлын үеэр албаныхан хэлэв.

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “COVID-19 цар тахлын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хамгах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм. ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна” гэв.