Цэвэрлэх байгууламж барих ажил үлгэр болсныг Ө.Энхтүвшин өөрийн биеэр мэдэгдэж, У.Хүрэлсүх “нуугдав”

Цэвэрлэх байгууламж барих ажил үлгэр болсныг Ө.Энхтүвшин өөрийн биеэр мэдэгдэж, У.Хүрэлсүх “нуугдав”

-НИЙСЛЭЛ ХОТ ҮМХИЙ ҮНЭРЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХГҮЙ
ДАХИН НЭГ ЗУНЫГ ҮДЭХ НЬ-

Өчигдөр /2020.05.26/  Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Төв цэвэрлэх байгууламжид ажиллав. Үнэр, танартаа дарагдсан тус газрыг сонгуулийн өмнөхөн өөрсдийн биеэр зорьж очсон тэдний зорилго бол шинэ цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын ажил зогсож байна шүү гэдгийг олон нийтэд эвтэйхэн ойлгуулах байжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Цэвэрлэх байгууламж барих БНХАУ-ын үндсэн гүйцэтгэгч компанийн ажилчид коронавирусийн цар тахалтай холбоотойгоор ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Инженер, техникийн ажилчид ирж чадахгүйгээс болж ажил хойшлоод байна. БНХАУ-ын компани ирэх хүртэл лагийг усгүйжүүлж, нунтаг шороо болтол нь цэвэрлэж хатаах ажил хийгдэнэ” гэж мэдэгдэв.

Ингээд энэ зундаа багтан Улаанбаатар хот үмхий үнэрээсээ сална гэж “шоудсан” Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “попролт” талаар нэг боллоо. Үр дүнд нь нийслэлчүүд зуны халуунд эвгүй үнэрээ үнэрлэсээр дахин нэг намрыг угтах нь.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 24-ны өдөр, 2018 оны наймдугаар сарын 26-ны өдөр, 2019 оны хоёрдугаар 28-ны өдөр тус, тус “Шинэ төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийг нээн тууз хайчилж, шавыг тавьж газар ухсан.  

Сүр дуулиан болж шав тавих үеэрээ тэрбээр “Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажлыг бид хамтдаа эхлүүлж байна. Ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг эн тэргүүний зорилгоо болгоё. Улаанбаатар хотын агаар, хөрс, Туул голын экологийн бохирдлын доройтол хэрээс хэтэрлээ. Нийслэлийн иргэд тун удалгүй эрүүл, аюулгүй орчинд амьдарна” гэж хэлж байв.

Гэтэл түүнийг ингэж тууз хайчилж, шав тавьснаас хойш даруй гурван жилийн хугацаа өнгөрсөн байхад Төв цэвэрлэх байгууламжийн дүр төрх, байр байдал бахь байдгаараа л байна. Эцэст нь янзалж, засна гэж амласан ажил нь талаар болж бүтэлгүйттэл бүх бурууг коронавирус рүү чихээд Шадар сайдыгаа Төв цэвэрлэх рүү явуулж хэд тойруулж алхуулаад ганц хоёр тайлбарыг хэлүүлсэн болоод өнгөрөв. 

Өөрөө ард нь нуугдан сугарч үлдэн сүүлийн үед нэр хүнд сайтай яваа Шадар сайд, Эрүүл мэндийн сайдаа өмнөө барьсан нь энэ.

ДҮГНЭЛТ: Ямартай ч 2020 ондоо багтан шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхлэхгүй нь. Уг ажлыг У.Хүрэлсүхийн бус дараагийн шинэ Засгийн газар хариуцах нь тодорхой боллоо. Гэхдээ 2020-2024 онд эрх барих намаас шалтгаалж төсөл хэрэгжиж чадахгүй зогсож ч мэдэх юм. Өмнөх Ерөнхий сайд нарын адилаар мөн л үлгэр яриад суух магадлал өндөр гэсэн үг. Тэгэхээр уг ажлыг улс төржүүлэлгүй үргэлжлүүлэх нь нэн чухал билээ.

У.Хүрэлсүхийн хувьд төслийг албан ёсоор эхлүүлж тууз хайчилсан 2017 оноос эхлэн уг ажлыг шуурхайлсан бол өдийд цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын ажил нэлээн урагштай явах байв. Гэтэл тэр чадсангүй, өмнөх Засгийн газруудын тэргүүнээс ялгарсангүй.

-50 ГАРУЙ ЖИЛ ДАГТАРШСАН ЛАГИЙН ҮНЭРИЙГ ДАРНА ГЭЖ
ҮЕ, ҮЕИЙН ДАРГА НАР 20 ЖИЛ ЯРЬЖЭЭ-

1964 онд 500 мянган хүн амтай хотод зориулж барьсан Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг сайжруулна гэх дарга нарын амлалт 2000 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд маск зүүж, хантааз өмсчихөөд Төв цэвэрлэхтэй танилцаагүй төрийн түшээ ховор. Тэд цэвэрлэх байгууламжид очоод “Удахгүй шинэ цэвэрлэх байгууламж барина” л гэдэг. Ямарсайндаа л 2012 оноос хойш Төв цэвэрлэх байгууламжийн шавыг Э.Бат-Үүл нэг, Ч.Сайханбилэг нэг, У.Хүрэлсүх хоёр удаа тавьсан байхав дээ.

Угтаа бол Төв цэвэрлэх байгууламжийг барих нь нийслэлчүүдийн эрүүл мэнд энэ бүс нутгийн хөгжилтэй шууд холбоотой билээ.

-ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖААР ДАМЖИН КОРОНАВИРУС
ТАРХАХ ЭРСДЭЛТЭЙ-

У.Хүрэлсүхийн хэлснээр бол Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын Ардын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж эхлээд өдийд бүтээн байгуулалтын ажлыг дуусгачихсан байх байлаа. Барилга хот байгуулалтын сайд, ажлын хэсгийн ахлагч Х.Баделхан “2020 онд шинэ төв цэвэрлэх байгууламжийг дуусгана” гэж хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа тов, тод үлдсэн байна.

Гэтэл өнгөрсөн хоёр жилийг хий эргэж, алдчихаад өнөөдөр коронавирусээс болсон гэх шалтаг хэлж байна. Харин ч коронавирус өтгөн, шингэнээр халдварладаг /эрдэмтэд баталсан/ гэсний дагуу Төв цэвэрлэх байгууламж нь Улаанбаатарын нэг сая хүнийг халдварлуулах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.

Төв цэвэрлэх байгууламжаас гадна Дарханы замыг БАРЬЖ чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэх мэдээллийг ч эрх баригчид өгч эхэлээ. Учир нь мөн л БНХАУ-ын ажилчид ирэх боломжгүй байгаа аж. Вакцин гарсан цагт хилээ нээх улсын иргэн бид ойрын үед шинэ цэвэрлэх байгууламж, Дарханы замыг горьдоод нэмэргүй санж.