НМХГ: Хүүхдийн баяраар худалдан авах хүнсний бүтээгдэхүүнд анхаарахыг санууллаа

НМХГ: Хүүхдийн баяраар худалдан авах хүнсний бүтээгдэхүүнд анхаарахыг санууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлж байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 559 зөрчлийг илрүүлснээс 394 буюу 73.7 хувийг газар дээр нь арилгуулсан. Хадгалалтын горим алдагдсан 9 төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгаж, 30 ААН-д 28 сая 900 мянга, 35 иргэнд 8 сая 650 мянга буюу нийт 37 сая 550 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авсан” гэлээ.

Коронавируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсан. Үүнтэй холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд хаяш шошгыг сайтар харж сонголтоо хийхийг МХБ-ын зүгээс анхааруулж байна.

Энэ жил зөвхөн гэр бүлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаараарай.

  1. Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  2. Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  3. Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
  4. Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах.
  5. Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх.
  6. Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.