АТГ: Улсын эмнэлэгт ХАГАЛГААНД орохын тулд 150-500 мянган төгрөгийн АВЛИГА өгч байна

АТГ: Улсын эмнэлэгт ХАГАЛГААНД орохын тулд 150-500 мянган төгрөгийн АВЛИГА өгч байна

Авлигатай тэмцэх газраас Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар зэрэг эрүүл мэндийн салбарын зургаан байгууллагын үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох эрсдэлийн үнэлгээг хийжээ.

Уг үнэлгээний тайланг өнөөдөр танилцуулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид улсын эмнэлгүүдэд байгаа авлига, ашиг сонирхлын зөрчлийг хэрхэн бууруулах талаар хэлэлцүүлэг хийлээ.

Тодруулбал, улсын эмнэлэгт нэг шинжилгээ өгөхийн тулд 20-30 хоногийн дараа л үзүүлэх очер дугаар авч байгаа зэрэг нь иргэдийн төвөгшил дургүйцлийг төрүүлж, хувийн лабораториор үзүүлэх шинжлүүлэх боломжгүй хүмүүс хорт хавдар өвчнөө эрт үед нь илрүүлэх, эмчлүүлэх боломж бололцоог хязгаарлаж, улмаар амь насаа алдахад хүргэдэг шалтгаан нөхцөл болж байгаа аж.

Энэ тухай АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэлэхдээ, “Анхан болон дунд шатны эмнэлгүүд гэхээсээ илүү гурав дахь шатлалын эмнэлэгт иргэд ихээр үйлчлүүлэхээр очсоноос үүдэн асар их дугаарлалт үүсч байгаа нь авлига авах, өгөх нөхцөл байдал бий болгож байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна.  Энэ асуудалд ганц эмнэлгийг буруутгах боломжгүй юм. Бүр тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай байгаа. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт Монгол Улсын бүх хүнд хамаатай, амь насны асуудал яригддаг зүйл учраас тэгш хүртээмжтэй болгох ёстой” хэмээн ярилаа.