Ж.Сауле: Намайг намаасаа хөөвөл хөөг, МАН-ын дотоод ардчилал хаана байна вэ

Ж.Сауле: Намайг намаасаа хөөвөл хөөг, МАН-ын дотоод ардчилал хаана байна вэ

Төв нам болон Баян-Өлгий аймгийн МАН-аас Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулег УИХ-д нэр дэвшүүлэхээр дэмжиж байжээ. Гэтэл намын Бага хурал болсон өдөр УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан, Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан нар хуйвалдаж дэд сайд Ж.Саулегийн нэрийг хасуулж, өөрсдийн дүү болох Т.Аубакирыг нэр дэвшүүлэхээр болжээ. Ингэхдээ намын дарга У.Хүрэлсүхдээ “Ж.Саулег Баян-Өлгийн намын гишүүд хүлээж авахгүй” гэсэн хэмээн худал ярьж, итгүүлсэн байна.

Харин Ж.Сауле сайд үнэн, зөвийг хожимдсон ч болов хэлэх нь зүйтэй хэмээн ярьж байна. Түүний хувьд цаашид шударга, үнэний төлөө тэмцэнэ Баян-Өлгий аймгийн иргэд Х.Баделханы ах, дүүгийн сүлжээнээс болж хохирч болохгүй гэсэн байр, суурьтай байгаа юм.

МАН-ын Бага хурлын өдөр болсон үйл явдлын талаар болон Баян-Өлгий аймгийн ард иргэд УИХ-ын гишүүн Х.Баделханаас болж хэрхэн хохирч буйг тэрбээр ийнхүү ярилаа.

-СУДАЛГААГААР БИ ХОЁРДУГААРТ БАЙСАН. ХАРИН Т.АУБАКИР
СУДАЛГААНД Ч ОРОЛЦООГҮЙ-

-Таны хувьд өнгөрсөн дөрвөн жил Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллалаа. Энэ хугацаанд тус албыг хариуцлагатай хашиж, сайн ажилласан гэж олон нийт дүгнэдэг. Тийм ч учраас ирэх жилүүдэд дэвшин ажиллах амбиц танд байсан болов уу. Гэтэл нөхцөл байдал эсрэгээрээ эргэж намын шийдвэрээр таныг УИХ-д нэр дэвшүүлсэнгүй. Нэр дэвшигчдийг тодруулах МАН-ын Бага хурал хуралддаг өдөр яг юу болсон юм бэ?

-Сонгуулийн өмнө буюу эгзэгтэй үед чи надтай ярилцаж байна. Миний хувьд 2008-2012 онд энэ яамныхаа дэд сайдаар ажиллаж байсан. 2016-2020 онд мөн л тус ажлаа хийж байна. “Монгол мал” хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулахад ахалж ажилласан. Атрын III аяныг хэрэгжүүлэгчдийн нэг нь би. 2016 онд яамандаа дахин ажиллахаар болоход надад салбараа судлах шаардлага байсангүй. Ажилчдаа ч мэдэж байлаа. Миний орон нутагт ажилласан тоон статистикийг сая яамнаас гаргалаа. Ингээд харахад, нэг жилийн 153 хоногт орон нутагт ажилласан байна.  Хамгийн багадаа нэг аймагт 5-6 удаа очсон. Миний очоогүй аймаг, сум, баг үгүй. Хамгийн сүүлд өвөлжилт хүндэрсэн Хөвсгөлд ажиллалаа. Энэ үеэр нэг эгч “2008 онд чамайг ирэх үеийн зудаас арай гайгүй байна хүү минь” гэж хэлж байсан. Шүлхий, зуд гэх мэт хаана онцгой нөхцөл үүснэ тэнд би ажилласан. Миний хувьд намын даргын тавьсан шалгуурыг хангасан учраас Баян-Өлгийд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан.

Мөнгөө төлж олон ч судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнгээр би хоёрдугаарт бичигдэж ч байсан юм. Хэрвээ миний рейтинг муу байсан бол би УИХ-д нэр дэвшихээр шийдэхгүй байх байсан. Тухайн үедээ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай уулзсан. Шалгуур хангаж байна, болно гэж хэлсэн. Ингээд Баян-Өлгийд “Улсын аварга малчин” шагналыг малчдад гардуулчхаад ирсэн. Бага хурал болохын өмнөх өдөр хүртэл миний нэр Баян-Өлгийд нэр дэвших хүмүүсийн дунд байсан. Гэтэл Бага хурлын өдөр хассан.  

-Яагаад хасчихав. Таны нэр өөр хэн, хэний нэртэй хамт байсан юм?

-Ж.Сауле, Х.Баделхан, А.Гылымхан гэх нэрс Бага хурлын өдрийн 11.00 цаг хүртэл Баян-Өлгийд нэр дэвшихээр байсан. Гэтэл 12.00 цагийн үед Х.Баделхан, Г.Солтан, А.Гылымхан, Т.Аубакир нар МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй уулзаж “Баян-Өлгий аймгийн МАН-ын хороо Ж.Саулег хүлээж авахгүй. Т.Аубакирыг хүлээж авна” гэсэн утга бүхий тамга, тэмдэгтэй албан бичгийг өгсөн юм байна лээ. Бөөнөөрөө нэг хүний талаар ярихаар намын дарга итгэнэ биз дээ. Ингээд л намайг сольсон юм байна лээ.

-Судалгаагаар Х.Баделхан сайд хэдэд бичигдэж байсан юм?

-Х.Баделхан миний өмнө байсан. Нэгт бичигдэж байсан гэсэн үг. Харин Т.Аубакир судалгаанд ч оролцоогүй шүү дээ. Сүүлд утсаар судалгаа авсан л гэж ярьдаг. Гэтэл тус судалгаа нь хуудуутай.

-Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны гишүүдийн нэрийг барьж албан бичиг үйлдэн түүндээ намын дарга У.Хүрэлсүхийг итгүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ асуудлаар нь та намынхаа удирдлагуудад гомдол гаргаж шалгуулах уу?

-Намайг дэвшүүлэхгүй гэх намын шийдвэр гарсны дараа би аймгийнхаа намын хорооны гишүүд болон Бага хурлын гишүүдтэйгээ уулзан “Та бүхэн намайг хүлээж авахгүй гэж гарын үсгээ зурсан юм уу. Яг юу болсон юм бэ” гэж асуусан. Гэтэл нэг ч гишүүнээс санал аваагүй байсан. Баян-Өлгийн намын дарга А.Гылымхан тамга, тэмдгээ хармаалж авчраад дарчихсан байгаа юм. Хэдхэн хүн хоорондоо ярилцаад л миний эрхийг зөрчсөн. Гэтэл Баян-Өлгий аймагт сонгуулийн штабт ажиллаж буй нэг хүн хүртэл над руу залгаад “Бид нарын хэнээс нь ч санал аваагүй шүү. Та бидэнд гомдовоо” гэж ярьсан.

Бусдын нэрийг барьж худал яриад энд нэг хүний бүхэл, бүтэн нэр дэвших эрхийг хасуулсан хүмүүсийн асуудлаар би намынхаа удирдлагад гомдол гаргана. Би гагцхүү шударга үнэн зүйл хэлсэн. Намайг намаасаа хөөвөл хөөг. Ажлыг маань авбал аваг. Монголын ард түмэн намайг яаж ажиллаж байгааг хардаг. Гамшиг, зуд гээд бүх нөхцөлд явсан над шиг эмэгтэй бүү хэл эрэгтэй сайд байна уу. Зарим дарга нар зөвхөн засмал замаар явдгийг мэднэ шүү дээ.

-Т.АУБАКИР БОЛ УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАНЫ ТӨРСӨН АХЫНХ НЬ
ХҮҮХЭД. МӨН Х.БАДЕЛХАН ГИШҮҮНИЙ ЭГЧИЙНХ НЬ ХҮҮХЭД-

- Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нар таныг гадуурхах ямар нэгэн шалтгаан бий юу?

-Би УИХ-ын гишүүн болно гээд зүтгээд, улайраад, гомдсон юм байхгүй. Хэрвээ намын дарга У.Хүрэлсүх “Чиний оронд нутгийн шилдэг боловсон хүчнийг нэр дэвшүүлнэ. Чи дэмжээд хамт ажиллаад ир” гэж хэлсэн бол “Би баярлалаа” гэж хэлээд гарна. Гэтэл Т.Аубакир бол УИХ-ын гишүүн Г.Солтаны төрсөн ахынх нь хүүхэд. Х.Баделхан гишүүний эгчийнх нь хүүхэд. Сүүлийн эхнэр нь УИХ-ын гишүүн асан А.Тлейханы хамаатангийн хүүхэд юм. Баян-Өлгийн Засаг дарга А.Гылымхан нь Х.Баделхантай нэг удмын хармаа нэгтэй хүмүүс. Энэ мафийн сүлжээ намайг унагасан.

Баян-Өлгийд намайг дэмжиж буй мянга, мянган намын гишүүн, дэмжигч байна. Мянган хүн дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсгээ хүртэл зурсан. Гарын үсэгтэй бичгээ намын дарга руу явуулсан ч удаатай юм билээ. Тэд “Энэ удаа бид намчирхахгүйгээр эмэгтэй хүнийг сонгоё. Таны багт ажиллаж буй Ж.Сауле нутаг орондоо нэр хүндтэй, эцэг, эх нь олон жил удирдах ажил хашсан” гэдэг утгатай, 1000 хүний гарын үсэгтэй бичгийг өгсөн гэж надад хэлсэн. Монголын эмэгтэйчүүдийн холбоо, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооноос энэ ажлыг зохион байгуулсан гэсэн.

2016 оны сонгуулиар М.Энхболд дарга Баян-Өлгийд эмэгтэй квот өгсөн. Тэгсэн ч би эрчүүдийнхээ эв нэгдлийг хангаад өөрийнхөө квотыг Г.Солтан гишүүд өгсөн түүхтэй. Ингэхдээ би гэрээ байгуулсан.

-Тэр нь ямар учиртай гэрээ юм бэ?

-2016 онд Баян-Өлгий аймгийн сонгуулийн штабыг би ахалж ажиллаад ялалт байгуулсан. Х.Баделхан, А.Гылымхан, Г.Солтан нь “Ялалт байгуулсан тохиолдолд хамгийн том албан тушаалд Баян-Өлгийг төлөөлж чамайг ажиллуулна” гэсэн гэрээг надтай байгуулсан. Ингээд нөхөр маань Г.Солтаны хэвлэлийг хариуцаж, би өөрөө дэмжиж ялуулсан. Баян-Өлгий аймагт бүх шатны сонгуульд бид ялсан. Ингээд хотод ирээд байж байтал нөгөө хэд гэрээгээ зөрчөөд одоо яригдаад буй Т.Аубакир гэх залууг дэд сайдад томилуулахаар зүтгүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөлөөр ч хэлэлцүүлж дэмжлэг авахуулсан.

Харин АТГ албан тушаалд очих гэж буй хүмүүсийг шалгадаг ёсоороо шалгахад Т.Аубакир гэдэг нөхөр үрийн будаа оруулж ирэх нэрээр хогийн будаа оруулж ирээд хуурамч бичиг баримт үйлдэн хэргээ хаасан түүх байдгийг олж мэдсэн. Тэгээд л Т.Аубакир дэд сайд болж чадаагүй. Ингээд би дэд сайд болсон юм. Энэ удаа ч мөн бүх зүйлээ бэлдээд байж байтал дахиад нөгөө Т.Аубакирыг оруулж ирлээ. Энэ ямар учиртай юм бэ.

-ЗААЛНААС 11 ХҮН НЭРЭЭ ДЭВШҮҮЛСНИЙ ДӨРӨВ НЬ ЯЛАЛТ
БАЙГУУЛСАН. ГЭТЭЛ Ж.ЭНХБАЯР НАМЫН ДАРГЫН БОДЛОГООР
ДЭМЖСЭН ХҮМҮҮСИЙН НЭРИЙГ Л УНШСАН-

-Заалнаас та өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн шүү дээ. Энэ үеэр Бага хурлын гишүүдийн хэдэн хувийнх нь саналыг та авсан юм?

-Би өөрийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн. Би 2016 онд Г.Солтанд УИХ-ын гишүүнийхээ квотыг өгсөн. Гэтэл өнөөдөр Г.Солтан ЖДҮ авч нутаг, усныхаа нэрийг баастаж байна. Т.Аубакир нь Казахстанд байж, байж албан тушаал яригдахаар хүрээд ирж байна шүү дээ. Тийм учраас бууж өгөхийг хүсээгүй. Намайг дэмжиж буй хүмүүс ч “БИТГИЙ БУУЖ ӨГ” гэж хэлсэн. Заалнаас нэрээ дэвшүүлээд би ялалт байгуулсан.

-Ялалт байгуулсан байхад яагаад таныг нэр дэвшүүлээгүй юм. Санал тооллогын ажлын хэсэг хууль бус үйл ажиллагаа явуулсан юм уу?

-Заалнаас 11 хүн нэр дэвшээд дөрөв нь ялалт байгуулсан гэж дараа нь би сонссон. Зааланд тооллогын комисс санал тоолж байхад 11 нэр дэвшигч яг урдаас нь хараад сууж байсан. Тооллогын комисст Х.Баделхан өөрийн бие төлөөлөгч, аймгийн намын дэд дарга Асгар гэх залууг оруулсан. Би Асгарыг тооллогын комиссоос гаргаж өгөхийг заалнаас үг хэлж хүссэн. Гэтэл намайг хэн ч тоогоогүй. Тэгээд тооллого явж байх үеэр Асгарын нүүр ам улайж, нэг босч, сууж, мессеж бичээд л гэм хийсэн хүн ямар байдаг билээ түүн шиг л сандарч байлаа. Ингээд хүн бүр “За Сауле яллаа. Тодорхой боллоо” гэж байсан. Тооллогын комиссыг Ж.Энхбаяр ахалж байсан. Тэр заалнаас өрсөлдсөн хүмүүсийг хэдэн хувиар ялж, ялагдсаныг хэлээгүй. Шууд тайз руу гүйж гараад л намын даргын бодлогоор дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг уншаад л хурлыг хаасан.

Тэгэхээр манай намд дотоод ардчилал байна уу. Яах гэж биднийг заалнаас нэрээ дэвшүүл гэж хэлсэн юм. Ингэх байсан бол “Та нар нэрээ дэвшүүлж хэрэггүй шүү” гээд хэлчих байсан. Хэн, хэдэн хүний санал авсныг хэлээч гэж шаардахад “Цаггүй болсон” гэж хариулж байгаа юм. Заалнаас нэр дэвшсэн хүмүүсийн авсан саналын хуудас, тоо баримтыг өөрсдөд нь өгөөгүй талаар би Д.Амарбаясгалан даргад хэлсэн. Гэхдээ одоо сайн юм ирнэ гэж би бодохгүй байна. Олон хоног өнгөрсөн учраас тэр бүхнийг өдийд зассан байх боломжтой шүү дээ. Урд өмнө нам ийм байгаагүй. Ж.Энхбаяр гишүүн Бага хурлын гишүүдийн эрхэнд халдаж байна. Ийм үйл явдал болж буйг намын дарга мэддэггүй юм байна гэж бодсон. Учир тэр хүн дор ажиллуулж буй хүмүүстээ итгэж байгаа шүү дээ.

-Т.АУБАКИР КАЗАКСТАНД БАЙЖ БАЙГААД АЛБАН ТУШААЛ
ЯРИГДАХААР ИРДЭГ ХҮН. ТЭГЭХЭЭР АЛЬ УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ НЬ
МЭДЭГДЭХГҮЙ ЭНЭ ХҮН КАЗАКИЙН НЭРИЙГ БҮҮ БААСТ-

-Т.Аубакир нь боловсрол, мэдлэг, ажлын туршлагын хувьд УИХ-ын гишүүнд тэнцэх хүн мөн үү. Та хувь хүнийх нь хувьд хэр сайн мэдэх вэ?

- Саяхан Т.Аубакир ирж уулзсан. Уулзаад “Би таныг дэмжиж ажиллана. Та миний төрсөн дүүг ажилд оруулж өгөөч” гэж хүсч байсан. Би дүүг нь яамандаа ажилд оруулж, тусалсан. Казахстанд амьдарч байгаад л албан тушаал болохоор гүйж ирээд ийм үйлдэл гаргах нь нэг таатай биш. Боловсролын хувьд Отгонтэнгэр их сургуулийн дипломтой гэсэн. Гэтэл Отгонтэнгэр төгссөнийг нь мэддэг хүн нэг ч байхгүй. Үрийн будааны асуудлаар хэрэгт холбогдож хэргээ хаалгаж байсан. Нисэхийн гаалийн дэд даргаар ажиллаж байсан. Сэлэнгэд төрж, өссөн хүүхэд юм. Уг нь аав нь их аятайхан хүн. Харин улс төрийн ах нарынхаа хүмүүжлээр яваад байна.

Энэ бүх зүйлийг би зоригтойгоор хэлж байна. Харин хэлж чадахгүй яваа олон хүн бий.

-Х.БАДЕЛХАН, А.ГЫЛЫМХАН НАР БАЯН-ӨЛГИЙД БАРИХ ЗАМЫН
БҮХ ТЕНДЕРИЙГ ХУВААЖ АВДАГ-

-Баян-Өлгий аймгийн МАН дотроо хагарсан юм шиг санагдлаа. Үйл ажиллагаа нь дүрмийн дагуу явагдаж чаддаг уу?

-Баян-Өлгийн намыг шинэчлэх болсон. Энэ аймгийн нам, төрийн байгууллага Х.Баделхан, А.Гылымхан гэх хоёрхон хүний гарт байна. Нэг жишээ дурдахад, Боловсролын газрын дарга нь Х.Баделханы төрсөн дүү. Эмнэлгийн орлогч дарга нь Х.Баделханы эхнэрийнх нь төрсөн дүүгийн хүүхэд. Тендерийн хорооны даргатайгаа худ, ургууд. Баян-Өлгий аймагт баригдсан замын бүх тендерийг зөвхөн энэ хоёр хувааж авдаг. Энэ хоёр хүнд хууль үйлчилдэггүй. Аймгийн намын гишүүд айдаг. Гудамжинд яваа намын гишүүнийг “Саулегийн постонд лайк дарлаа.Аятайхан байгаарай чи” гэж загнаж байна. Ийм дээрэлхүү байна. Баян-Өлгийн ард түмнийг дарангуйлаад дуусгаж байгаа биз дээ.

Аймгийн НАМЭХ-ны өрөөг онгойлгож өгсөнгүй гэж Х.Баделханы дүү намын эмэгтэйчүүдийг загнаж байна.  Тэгэхээр Баян-Өлгий аймгийн иргэд энэ удаагийн сонгуулиар зөв сонголтыг хийх ёстой. Хамгийн чухал нь эх орноо бодох ёстой. Казахстан, Монголын алиных нь ч иргэн  нь мэдэгдэхгүй хүмүүс Казакийн нэрийг битгий баастаасай гэж би гуйж байгаа юм. Монгол орондоо төрж өссөн эх орон ч хүн Баян-Өлгий аймгаас сонгогдоосой гэж бодож байна. Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Боловсролын салбар бусад аймгийнхаас хоцрогдож байна. Гэтэл Боловсролын салбарыг нь Х.Баделханы төрсөн дүү ахалдаг. Энэ салбарыг самраад дууссан. Аймгийн эмнэлгийн дарга өнөөдөр шоронд байна. Японд эрдмийн зэрэг хамгаалсан маш боловсролтой залууг золиослочихоод өөрсдөө энхийн цагаан тагтаа аятай байж байна.

Энэ байдлыг ойлгуулахын тулд л би зүтгээд байгаа юм. Миний оронд боловсролтой, зүтгэлтэй, хувь хүний сайхан түүхтэй, чадвартай, эх орон ч хүн нэр дэвшинэ гэвэл хөтлөлцөж очоод дэмжинэ. Харин би ах дүү, гэр бүлийн мөнгөний сүлжээнд л дургүйцэж байгаа юм. Манай У.Хүрэлсүх дарга энэ сүлжээг цэвэрлэнэ гэж гарч ирсэн шүү дээ.  Намын даргаа Баян-Өлгий аймагт анхаарлаа хандуулах цаг болсон шүү. Эдний хамаатан биш л бол ажилд орж чадахгүй байна. Баян-Өлгийн агентлагийн дарга нарт монгол хүн байна уу, маш ховор шүү дээ. Тэд хавчигдаад л ажиллаж байгаа. Х.Баделханыг буй цагт Баян-Өлгийчүүд төрийн алба, улс төрийн аль алинд нь нар үзэхгүй.

-Баян-Өлгий аймаг баруун аймгуудаас хөгжил муутайд тооцогддог. Аймгийн хөгжлөөс хойш татаж буй том шалтгаан дээрх таны хэлсэн зүйл мөн үү?

-Баян-Өлгий аймгийн хөгжлийг зэргэлдээ Ховд, Увстай харьцуул. Аймгийн төв дотор засмал зам тавьсан. Х.Баделхан гишүүн өнөөдөр “Аймагт засмал зам тавьж, хөгжүүлж байна” гэж байна. Гэтэл замын чанарыг та бүхэн очоод хараарай. Өөрийн хувийн компаниараараа дамжуулж, хэдэн тэрбум төгрөгийн замын тендерийг авсныг харах хэрэгтэй. Би үүнийг зүгээр хараад сууж чадахгүй. Дараагийн залуус, эмэгтэйчүүдийн замыг нээж өгөх ёстой учраас би тэмцэнэ. Ах дүүгийн сүлжээгээрээ нутгийн хөгжлийг хойш татаж болохгүй. Х.Баделхан, А.Гылымхан нар ялаас мултрахын тулд УИХ-д нэр дэвшиж байгаа.

-Тэднийг гэмт хэрэгт нэр холбогдсон гэж дуулддаг?

-А.Гылымханы хэрэг АТГ-т шалгагдаж байгаа гэж би сонссон. Ах дүү, амраг саднаа бус ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хувийн компанидаа тендер авдаг биш хувийн хэвшлийг дэмждэг хүмүүсийг энэ удаа Баян-Өлгийчүүд сонгоосой гэж хүсч байна. Улстөржих, намчирхах ямар ч боломж үгүй. Харин зөв хүнээ УИХ-д томилох нь чухал юм. Би МАН-ын гишүүн, урваж, шарваж явсангүй. Төрийн албанд ажиллахдаа эд нар шиг концессчин, ЖДҮ-чин байсангүй, мөрөөрөө л ажиллаж ирсэн.

-Таны хэлж буйгаар МАН-ын нэр дэвшигчдээс сонгох хүн алга. Харин Баян-Өлгийд Ардчилсан намаас нэр дэвшиж буй хүмүүсээс сонгох боломжтой гэсэн үг үү?

-Хүний нэр хэлээд юу гэхэв. Ардчилсан нам, МАХН, Бие даагчдаас боловсролтой олон сайхан залуу дэвшиж байна лээ. Манай намын дарга нэр цэвэр, төрийн албанд мэргэшсэн хүнийг УИХ-д нэр дэвшүүлнэ гэсэн. Гэтэл миний оронд дэвшихээр болсон хүн намын шалгуурыг хангаагүй. Тэгэхээр зөв, эх оронч хүнийг л сонгох нь зүйтэй болов уу. Шалгуурт нийцсэн олон залуу байсан.  Миний хувьд хууль, хяналтын байгууллага, намынхаа даргаас шударга ёсыг хүсч байна. Баян-Өлгий аймгийн төрийн албанд бугшсан МАН-ын сүлжээг би шүүмжилж байна. Түүнээс намаа тэр чигээр нь харлуулаагүй шүү. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Хэрвээ эд сонгогдвол ял, шийтгэлээс хамгаалагдаж байна. Сонгогдохгүй бол очих газар нь ч мөн тодорхой.

-Ярилцсанд баярлалаа