СУРВАЛЖИЛГА: Хайлаастын “Beauty ТҮЦ”-ээс түгж буй гоо сайхан

СУРВАЛЖИЛГА: Хайлаастын “Beauty ТҮЦ”-ээс түгж буй гоо сайхан

Хайлаастын хоёр дахь буудал өнгөрч явахад зам дагуу байх жижигхэн ягаан байшингийн хажуугаар өнгөрсөн хэн ч орж үзмээр санагдана. Beauty ТҮЦ хаягтай, үүдэндээ ягаан унадаг дугуй байрлуулсан тус гоо сайхны барааны дэлгүүр нээгдээд ердөө 16 хонож байгаа ч аль хэдийн үнэнч үйлчлүүлэгчидтэй болжээ. Орж ирсэн хүн бүрийг дулаахан инээмсэглэл, найрсаг үгсээр угтах эмэгтэй бол О.Цолмон. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр хоёр хүүхдийн ээж болохоос өмнө гоо сайхны зөвлөгөө, мэдээлэл гадаад хэлнээс орчуулан нийтлүүлдэг байжээ.

Өөрийн олж авсан мэдлэгээ хуваалцах зорилгоор фейсбүүкт “Doll” групп, “Мисс ээжүүд” хуудсыг үүсгэн хөгжүүлж, сурсан мэдсэнээ амьдрал дээр хэрэгжүүлж явсаар өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх болсон байна. Өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүнээ гадаадаас хямдаар авах зорилгоор эхэлсэн түүний бизнес багаас эхэлж дэлгүүр болтлоо өргөжжээ. Хэн хүний зориглохгүй хотын зах хэсэгт дэлгүүрээ нээн, амжилттай ажиллуулж яваа түүний шинэхэн “Beauty ТҮЦ”-ээс бид сурвалжилгаа бэлтгэлээ.

Биднийг дэлгүүрийн эзэнтэй ярилцах үеэр хэд хэдэн хүн үйлчлүүлсний дунд тэдний байнгын үйлчлүүлэгч нэгэн эмэгтэй охины хамт орж ирэв. Тэр “ Би эдний байнгын үйлчлүүлэгч. Манай гэртэй ойрхон учраас гоё бараа ирлээ гэхээр гүйгээд л ороод ирдэг юм. Энэ хавьд гоо сайхны бараа авах гэхээр хамгийн ойрдоо 2км явах хэрэгтэй болдог байсан. Ойрхон ийм дэлгүүртэй болсонд тааламжтай байгаа. Эднийхээс өмнө нь авсан сормуусны будаг их сайн байсан шүү, нэг удаагийн маск нь үнэхээр гоё. Үнэ ч боломжийн, хямдхан байдаг. Шинэ бараа ирсэн эсэхийг үзэж л явна” хэмээн ам сайтай байлаа. Дагуулж явсан охиндоо өгсөн түүний зөвлөгөө  “чихрэнд үрдэг мөнгөө цуглуулж өөртөө хэрэгтэй зүйл авах нь чамд ашигтай” гэсэн үгс байв.

-НЭЭГДЭЭД АРАВ ГАРУЙ ХОНОЖ БАЙГАА Ч ҮНЭНЧ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДТЭЙ БОЛООД ЭХЭЛЖЭЭ-

-Дэлгүүрээ нээгээд удаагүй ч нэлээд үйлчлүүлэгчидтэй болсон харагдлаа. Энэ хавийн хүмүүс яаж хүлээж авч байна вэ?

-Засвар хийж байх үеэс л хүмүүс их сонирхож байсан. Юу юм, хэзээ нээх вэ, нээхээр нь орж ирнэ ээ гээд л. Анх орж ирсэн хүн бүр ам сайтай байж, дуртай хүлээж авсан.  Өмнө нь би найзуудтайгаа нийлээд 3,4-р хороололд гоо сайхны салон нээж байхад огт тийм зүйл болж байгаагүй, хэн ч тоогоогүй учраас энэ удаад их өөр санагдсан шүү,

-Нээгдсэнээс хойш хэр их хүмүүс үйлчлүүлж, ямар төрлийн барааг худалдан авч байна вэ?

-Нээгдээд удаагүй ч үнэнч үйлчлүүлэгчидтэй болоод эхэлсэн. Ажил тарах цагаар ачаалалтай болж эхэлдэг. Нэг орж ирсэн хүн эргээд найз, танилуудаа дагуулж ирнэ. Зарим хүмүүс бүр манайхаас бараа авч хөдөө орон нутагт явуулах гээд утсаар холбогдож байгаад сонгоод аваад явдаг. Манайх үсний хавчаараас авахуулаад, арьс арчилгааны ком, вакс, үсний шампунь гээд 160 гаруй нэр төрлийн бараа худалдаалдаг. Эмэгтэй хүнд хэрэгцээтэй гэсэн зүйлсийг нэг дор, боломжийн үнээр зарах зорилготой. Бүтээгдэхүүнүүд маань Монгол, Турк, Орос, Солонгос, Хятад гээд янз бүрийн улсаас ирдэг. Түрээсийн мөнгө төлдөггүй учраас, зах зээлийн үнээс хямд зарж байгаа.

-Энэ байрлалд гоо сайхны дэлгүүр ажиллуулах хэн хүний санаанд орохгүй шийдвэр байх. Та бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?

-Анх гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн оруулж ирээд фейсбүүкээр зардаг байхад хамгийн их тулгамдаж байсан асуудал бол хүргэлт байсан. Хүргэлтийн компанийнхан гэр хороолол руу хүргэх дургүй, мөн хүргэлтийн хөлс нь 5000-6000 төгрөг байдаг учраас үнэтэй тусдаг. Гэтэл гэр хороололд амьдардаг хүмүүс манай бүтээгдэхүүнээс авах хүсэлтэй, захиалга ихтэй учраас хотын захад худалдаалах цэг хэрэгтэй байсан. Санаанд нийцэх газар олдоогүй учраас ээжийнхээ эзэмшлийн объектыг засаж, тохижуулаад дэлгүүрээ нээсэн.

-Энэ байшинд өмнө нь юу байсан бэ. Засаж янзлахад хэр хугацааг зарцуулав?

-Тав зургаан жилийн өмнө эмийн сан ажилладаг байж байгаад больчихсон. Нэлээд удаан хоосон байсан хуучны барилга учраас бараг л шинэ байшин барихын дайны юм болсон. Хана, тааз, шал гээд бүгдийг нь сольсон.

-Нэр нь маш онцгой санагдлаа. Яагаад Beauty ТҮЦ гэж нэрлэсэн юм бэ?

-Ямартай ч гоо сайхны бүтээгдэхүүн зарах учраас Beauty (гоо сайхан) гэдэг үгийг оруулсан. Жижигхэн талбайд зөндөө их юм байх учраас ТҮЦ-нд л тийм байдаг гэж бодоод ингэж нэрлэхээр шийдсэн.

-Цаашдаа барааныхаа нэр төрлийг нэмж, хумс янзлах ч юм уу гоо сайхны үйлчилгээ үзүүлж,  өргөжүүлэх бодол бий юу?

-Мэдээж боломжоороо барааныхаа нэр төрлийг нэмж сонголттой болгоно гэж бодож байгаа. Нэлээд хүмүүс маникюр ажиллуулах санал тавьсан байгаа. Би эхлээд төлөвлөсөн зүйлээ сэтгэлд нийцтэл хийчхээд дараачийн зүйлийг хийх сонирхолтой учраас одоогоор тэр талаар шийдсэн зүйл алга.

-СУРСАН МЭДСЭНЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ, ХИЙСЭН ЗҮЙЛДЭЭ
СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДДАГ-

-Дэлгүүр нээхэд тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу вэ?

-Жилийн өмнө амьдралд минь тохиолдсон өөрчлөлт надад энэ бүхнийг эхлүүлэхэд нөлөөлсөн. Тэр үед цаашдаа яаж амьдрах талаараа бодоод ямар ч байсан амьдрахын тулд нэг юм хийх хэрэгтэй гэсэн бодол төрөөд ажилд орох гэхэд хоёр хүүхэдтэй хүнд тохирох ажил ховор юм билээ. Тэгээд өөрийнхөө хамгийн сайн мэддэг зүйлээ хийхээр шийдсэн. Хүүхдүүд минь л үргэлж миний урам зоригтой байх шалтгаан болдог.

-Таны ажиллуулдаг фейсбүүк групп болон хуудас нэлээд олон гишүүдтэй юм байна. Үүнийгээ юунд ашигладаг вэ?

-Живх ч барьж үзээгүй, нялх хүүхдийн тухай ямар ч ойлголт, туршлагагүй байхдаа ээж болоод бусадтай мэдсэнээ хуваалцах гэж тэр хуудсаа нээсэн. Өөрийнхөө сурсан мэдсэнээ зөвлөгөө болгон оруулаад нэг л мэдсэн их олуулаа болчихсон байсан.

-Дотоод, гадаад тохижилтын хувьд их донжтой санагдлаа, өөрөө санаачилсан уу?

-Би багаасаа л жижиг зүйлд анхаарал хандуулдаг хүүхэд байсан. Одоо ч хүнд юм зарахдаа бүх зүйлд өөрийнхөө хэв маягийг шингээхийг хүсдэг. Миний ТҮЦ-нд орж ирэхэд хүмүүст тухтай, сайхан  энерги хүрч байгаасай гэж бодоод хогийн савыг хүртэл өөрөө сонгосон. 100 айл руу 100 явна гэдэг л болсон. Би байгаа газраа гоё тохижуулчихвал эргэн тойронд минь байгаа хүмүүст ч бас нөлөөлж амьдарч буй орчин сайжрах байх.

-Гадаа байгаа дугуй ямар нэг утгатай юу?

-Дугуй бол хамгийн эрүүл мэндэд хамгийн тустай унаа, би өөрөө дугуй унах дуртай. Зарим үед хүргэлтийн газар асуудал гарвал өөрөө хүргэдэг. Манай лого дээрх дугуйтай эмэгтэй сагсанд байгаа цэцэг бол гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэж төсөөлсөн. Нэг ёсондоо манай дэлгүүр гоо сайхныг түгээж байгаа гэдэг утгатай. Хүмүүс дугуйн дэлгүүр биш дээ яах гэж байгаа юм гэж их хэлж шүүмжилсэн. Гэхдээ би дотроо өөрөө нэг санаа бодчихсон, түүнийгээ хэрэгжүүлэхээр шийдсэн нь тэр.

-“ДОТООД ГОО ҮЗЭСГЭЛЭН ГАДНАА Ч ГЭРЭЛТДЭГ” -

-Шинээр үйлчилгээний байгууллага бий болгоно гэдэг тийм амар зүйл гэж боддоггүй. Дэлгүүрээ нээхэд ямар нэг бэрхшээл, айдас төрж байв уу. Хүн орохгүй байх вий гэдэг ч юм уу?

-Нээчихсэн байхад хүн орж л таараа гэж бодсон. Харин яаж их хүмүүс оруулах вэ гэдэг дээр их бодсон. Ямар ч орчинд юу ч хийсэн чин сэтгэлээсээ байж, хамгийн гоё сайхан нь байхыг эрхэмлэдэг. Би цаашдаа ч бас хотын захын өөр хэсгүүдэд илүү гоё дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа. Чин сэтгэлээсээ байхад бүх зүйл болно гэж итгэдэг.

-Хамгийн их тус дэм болж байгаа хүнийхээ талаар хуваалцаач?

-Миний гэр бүлийнхэн намайг маш их тусалж дэмжиж байгаа. Аав маань энэ бүх шүүгээ тавиуруудыг хийхэд тусалж, ээж эгч маань хүүхдүүдийг минь харж өгч байна. Үүнээс илүү тус юу байх вэ. Хүүхдээ харах хэрэгтэй бол би энэ бүхнийг амжуулж чадахгүй шүү дээ.

-Эмэгтэй хүн ер нь гоо сайхандаа анхаардаг байхын давуу тал юу вэ. Энэ талаар эмэгтэйчүүддээ зөвлөөч?

-Манай дэлгүүрийн уриа бол “Дотоод гоо үзэсгэлэн гаднаа ч гэрэлтдэг“ . Хүн өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлаж, бусдад хайрлагдана гэдэг үг маш үнэн санагддаг. Өөрийгөө хайрладаггүй хүн стресс бухимдалд орж, бусад хүн ч гэсэн түүнийг анзаарахгүй. Тиймээс өөрийнхөө гадаад болон дотоод ертөнцөд анхаарч, тордож өөртөө бүхнийг зориулж байж дараа нь бусадтай хуваалцаж чаддаг болно.

-Ярилцсанд баярлалаа