Б.Баатархүү: Живсэн дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан

Б.Баатархүү: Живсэн дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхэд байсан

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн талд өчигдөр орой дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. 

Тус газар нь “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газар бөгөөд 11-15 насны хүүхдүүд байжээ. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд нас барлаа гэх дуудлага мэдээлэл тавдугаар сарын 27-ны өдрийн 18.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу хэргийн газарт очин ажилласан. Амь насаа алдсан дөрвөн хүүхэд 11-15 насны хүүхдүүд байсан нь тогтоогдсон. Маршалын гүүрний зүүн талд байрлах “Ханталст” ХХК-ийн барилгын суурийг ухсанаар тогтоол ус үүссэн тус газарт хүүхдүүд тоглож байхдаа живж амь насаа алдсан. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тогтоол усны гүнийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж мэргэжлийн байгууллагууд хэмжилт хийнэ.

Живсэн дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хоёр хүүхэд байсан гэх мэдээлэл ирсэн. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед нь ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.

Энэ асуудал дээр ААН, иргэн бүр хаана хаана анхаарах хэрэгтэй. Урин дулааны цаг ирж байгаа тул хүүхдүүдээ хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн олон нийтийн сүлжээнд энэ хэргийн талаар янз бүрийн мэдээлэл оруулж дөрвөн хүүхдийн гэр бүлийн байдал зэрэг мэдээллийг оруулж байна. Ар гэрийнхэнд нь маш хүнд тусаж байгаа тул худал ташаа мэдээллийг оруулахгүй байхыг хүсэж байна” гэлээ.