Майк Помпео Хонг Конгийн өөртөө засах статус устсан гэж дүгнэжээ

Майк Помпео Хонг Конгийн өөртөө засах статус устсан гэж дүгнэжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр конгресст хийсэн мэдэгдлийнхээ үеэр Хонг Конгийг өөртөө засах статусаа алдсан гэж дүгнэжээ. Ингэснээр АНУ-аас олгодог "Вашингтоны бодлого" өөрчлөгдөх магадлалтай болсон байна.

Хонг Конгийг Хятадын эх газраас хамааралгүй гэж үзээд эдийн засаг, худалдааны онцгой нөхцөл олгодог юм.

Помпео хэлэхдээ “Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хэн ч Хонг Конгийг Хятадаас хамааралгүй, өөртөө засах онцгой статустай гэж үнэлэх боломжгүй болжээ. Ингэж дүгнэхэд надад хэцүү байгаа ч бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн бодлого шаардлагатай болж байна. АНУ эрх чөлөөт, хөгжингүй Хонг Конгийг эх газрын Хятадад үлгэр загвар болно гэж найддаг. Харин өнөөдөр Хятад улс Хонг Конгийг өөр шигээ болгохыг зорьж байгаа нь тодорхой боллоо” гэжээ.

Дээрх мэдэгдлээс шалтгаалан Трампын засаг захиргаа Хонг Конгийн эсрэг хориг арга хэмжээ зарлах боломж нээгдэж байгаа юм.

АНУ-Хятадын хооронд олон салбарт зөрчил маргаан үргэлжилж байгаа. Үүнд худалдааны дайн, тагнуулын хэргүүд, Хуавэй компанийн 5G технологитой холбоотой зөрчил, Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаан, коронавирусийг тараасан тухай маргаан зэргийг үүнд дурдаж болно. Энэ долоо хоногт Бээжинд хуралдаж байгаа Бүх Хятадын Ардын Их Хурлын Төлөөлөгчдийн чуулганаар Хонг Конгийг салан тусгаарлах оролдлогыг цэргийн хүчээр таслан зогсоох хуулийн төсөл батлагдаж болзошгүй байна.