Хотын дарга та, усанд унаж нас барсан хүүхдүүдийн амийг огцорч төл

Хотын дарга та, усанд унаж нас барсан хүүхдүүдийн амийг огцорч төл

Тогтоол усанд хоёр өдрийн дотор нэг том хүн, дөрвөн хүүхэд живж, амиа алдлаа 

Улаанбаатар хотын Захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан та болон таны нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэгт ажлаа хийдэггүй, сэтгэлгүй, ажлаа мэддэггүй, сонгуулийн шуугианд ухаанаа алдчихсан яваа албатуудын чинь шууд бус нөлөөгөөр дөрвөн нялх үр тогтоол усанд живж, дөнгөж 25 настай, цэл залуухан эрэгтэй хайрга, дайрга олборлохоор ухсан нүхэнд унаж, алтан амиа алдлаа.

Таны удирдаж байгаа нийслэл хотод, таны бүрдүүлсэн багийнхны нойр, хоолоо умартан ажиллаж, аюулгүй байдлыг нь ханган, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж байх ёстой нутаг дэвсгэрт тавын таван халуун амь хоёрхон хоногийн зайтай тасарлаа. Үүнд та болон таны албатууд ямар хариуцлага хүлээх вэ.  Тогтоол усанд амиа алдсан дээрх хэргүүдийн мөрөөр сурвалжиллаа. 

ХАЙРГА, ДАЙРГАНЫ ҮЙЛДВЭРИЙН УХСАН НҮХЭНД ҮҮССЭН ДОЛООН МЕТРИЙН ГҮН ЦҮНХЭЭЛД ЖИВЖ, АМИА АЛДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо, Хайрхан уулын зүүн талд тогтоол усанд хүн живсэн тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тавдугаар сарын 26-ны 20:11 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20:54 цагт хэргийн газарт очиж, 45 минут ажиллаж, цогцсыг гаргаж авсан байна. Аврах ангийн албан хаагчид цогцсыг таван метрийн гүнээс олж гарган, тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Жавзандуламаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Усанд живж, амиа алдсан иргэн нь Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн 25 настай эрэгтэй А гэгч байжээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны Засаг дарга В.Сүхбаатараас тодруулахад “Энэ талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өчигдөр (уржигдар) хэлсэн. Хайрхан уулын зүүн хэсэгт байрладаг тогтоол усанд харамсалтай осол болсон гэсэн. Хэргийн газарт би очиж үзээгүй. Осол болсон хэсэгт хайрга, дайрганы үйлдвэр ажилладаг байсан. Тэдний үйл ажиллагааг зогсоосон ч нөхөн сэргээлт огт хийгээгүй. Энд, тэндгүй ухсан нүхэнд нь ус тогтож, долоон метрийн гүн том цүнхээл үүссэн байгаа. Ухсан нүхны цүнхээлд өмнө нь хүн нас барж байсан. Хөндий дүүрэн л тогтоол ус байгаа. Хүн, малгүй осолдчих гээд үнэхээр хэцүү” гэлээ. Хайрхан уулын зүүн талд хайрга, дайрганы нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан бололтой техникүүд нь ч байв. Мөн хаа сайгүй газар, шороог сэндийчиж орхижээ. 

ТОГТООЛ УСАНД ХҮН, МАЛ ОСОЛДОХ НЬ ОЛОН

Ослын талаар тэр хавийн иргэдээс тодруулахад “Өчигдөр (уржигдар) орой цагдаагийн машин тогтоол усны хойд талд ирчихсэн байсан. 30 минут орчим хэрээтэй байж байгаад явсан. Хүн осолдсон гэдгийг сонсоогүй. Байнга л хүн, амьтан энэ тогтсон нууран дээр ирдэг болохоор тоогоогүй юм. Энэ цүнхээл рүү гурав алхаад л морь долд ордог тийм гүнзгий. Тийм болохоор жилд хэчнээн ч мал унаж, үхдэг юм, бүү мэд. Малчид мал алга боллоо л гэдэг, усанд ороод үхчихсэн л дуулддаг. Суурьшлын бүс дотор ийм том хэмжээтэй, гүнзгий тогтоол ус байхад аюулгүй байдлыг нь хэн ч хангаж өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Тогтоол усанд жилдээ 1-2 хүн заавал ч үгүй нас бардаг. Гэхдээ усны эрэг өндөр биш учраас унана гэсэн ойлголт байхгүй. Харин ус руу орж, хөл алдаад л живчихдэг юм шиг байна лээ” гэв. Тогтоол усанд осолдсон залуу Хан-Уул дүүргийн XII хороонд амьдардаг байсан аж. Хэргийн талаар тус хорооны Засаг дарга н.Долгороос тодруулахад “Надад ямар ч мэдээлэл ирээгүй байна. Яг манай хорооных гэдгийг нь мэдсэн юм бэ” гэсэн юм. 

МАРШАЛЫН ГҮҮРНИЙ ЗҮҮН ТАЛЫН ТОГТООЛ УСАНД 8-12 НАСНЫ ДӨРВӨН ХҮҮХЭД АМИА АЛДЛАА

Баянзүрх дүүргийн XI хороо буюу Маршалын гүүрний зүүн хойд талд байрлах тогтоол усанд бага насны дөрвөн хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 16:56 цагт усанд хүүхэд осолдсон тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах 105 дугаар анги хэргийн газарт ажиллахад, 8-12 насны дөрвөн хүүхэд тогтоол усанд живсэн байжээ. Аврагчид эхний хүүхдийг амьтай голтой уснаас гаргасан ч эмнэлгийн анхан шатны тусламж авч байх үедээ амиа алсан гэнэ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар амиа алдсан хүүхдүүд Баянхошуунаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд салхилж, тоглохоор ирээд байх үедээ ийн тогтоол усанд орж, амиа алдсан гэв. Түүнчлэн уг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хаяа залган байх энэ тогтоол усанд орж болохгүйг анхааруулсан самбар, тэмдэглэгээ байхгүйгээс гадна олны хөлөөс тусгаарлах хашаа, тусгаарлалт ч байхгүйг онцолж байлаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан та Төрийн ордны өмнөх хэсэг, Сүхбаатарын талбайг “хамгаалах”-аар 151 сая төгрөгөөр 396 ширхэг боржин чулуу захиалан хийлгэж, түүнийгээ тавьсан ч юмгүй энд тэнд тараан байршуулахынхаа оронд энэ мэт аюултай, эрсдэлтэй газруудаа модоор ч болтугай хашаалчихгүй яав даа. Хэрвээ тэгсэн сэн бол дөрвийн дөрвөн нялх үр, 25 настай залуу хүү өнөөдөр амьд мэнд, гэр бүлийнхэн нь амьдын хагацалд унахгүй байлаа. 

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН