Н.Учрал тэргүүтэй гишүүд Кембрижийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ

Н.Учрал тэргүүтэй гишүүд Кембрижийг хэрэгжүүлэх лобби бүлэг байгуулснаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд өнөөдөр/2020.08.28/ Кембрижийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг  байгуулж буйгаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэхүү лобби бүлэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Сү.Батболд, Батлут нар харьяалагдаж, үйл ажиллагааг цаашид зохион байгуулна. 2010 онд Ерөнхий сайдаар Сү.Батболд дарга ажиллаж байхад буюу Ё.Отгонбаяр сайдын үед Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Англи Монголын Засгийн газрын хооронд гэрээ байгуулсан байдаг. 

Тухайн үед 2019 он гэхэд 30 сургуулийг Кембрижийн хөтөлбөрт шилжүүлнэ. Гурван сургуульд лаборатори маягаар энэ үйл ажиллагааг туршаад, багш нарыг чадавхжуулах, улсын хэмжээнд англи хэлний чадавхийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан.  Өнгөрсөн дөрвөн жилд Их Британи Монголын парламентын бүлгийн даргаар Сү.Батболд дарга ажилласан. Миний бие дэд даргаар нь ажиллаж байлаа. Энэ үед бид Англид албан ёсны уулзалтуудыг зохион байгуулж, гэрээний биелэлтийг дүгнэсэн.  Улмаар Боловсролын сайдад ч танилцуулсан. 

Боловсролын салбарт улстөржилт хэт нэмэгдээд ирэхээр оюутан суралцагч, багш нарын хооронд үл ойлголцол үүсдэг гэдгийг харсан.  Энэ хөтөлбөр 2012 онд Үндэсний цөм хөтөлбөр гэдэг нэртэй болсон. Үүнтэй уялдаад лаборатори сургууль гэдэг ойлголт гарч ирсэн. Нэг ёсондоо сурагчдыг ялгаварлаж эхэлсэн гэсэн үг.  Уг нь гурван сургуулийг лаборатори сургууль болгоод, багш нараа чадавхижуулаад, түүндээ суурилж хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой байсан юм. Гэтэл "Шинэ үе", "Шинэ эхлэл", Монгол тэмүүлэл" гэсэн гурван сургуульд энгийн ардын хүүхдийг авдаггүй сургууль болоод хувирчихлаа. Ар өврийн хаалга нь дийлдэхээ больсон. Бид хүүхдүүдийг ялгаж болохгүй. Үүнд онцгой анхаарах цаг болсон" гэлээ.