ДЭЭД ШҮҮХ: Хөгжлийн банкнаас зээл аваад 7 жил болсон ч эргэн төлөлт хийгээгүй "Кью Эс Си" компаниас 200 тэрбум төгрөг гаргуулна

ДЭЭД ШҮҮХ: Хөгжлийн банкнаас зээл аваад 7 жил болсон ч эргэн төлөлт хийгээгүй "Кью Эс Си" компаниас 200 тэрбум төгрөг гаргуулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа аж, ахуй нэгжүүдийн Хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг шалгаж, эргэн төлөлтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг ахалж ажилласан. 

Уг ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй, ноцтой зөрчил гаргасан 9 зээлдэгчийн мэдээллийг ил болгосон билээ. 

Ингээд дээрх 9 аж, ахуй нэгжийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлөхийг шаардаж хуулийн байгууллагад гомдол гаргасан. Дээр дурьсанчлан ноцтой зөрчилтэй гэж үзсэн 9 байгууллагын нэг нь “Кью Эс Си” ХХК юм. Тус компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлаа санхүүжүүлэхээр 2014 онд зээлийн гэрээ байгуулж, авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг. Иймд прокурорын байгууллага “Кью Эс Си” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 200 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан юм.

Тэгвэл өчигдөр /2022.01.14/ Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хуралдаж, “Кью Эс Си” ХХК-аас зээл, зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 192 тэрбум 572 сая /нэхэмжлэл гарсасан үеийн ханшаар/ төгрөгийг бүхэлд нь гаргуулж Хөгжлийн банканд олгуулах шийдвэрийг гаргажээ.

“Кью Эс Си” компани нь 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 2015 онд 71.3 сая ам.долларын зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр авсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргээр 2018 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусгахаар тусгасан байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл “Кью Эс Си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тус компани 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн бүх эрхийг эдэлж, харъяа ууртайнууд болох Төмөр толгой, Төмөртэйн уурхайнуудаас олборлосон болон цаашид олборлох төмрийн хүдрийг захиран зарцуулах, үр шимийг хүртэх бүрэн эрхийг эдэлж байна.

Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Кью Эс Си” ХХК-тай “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх 30 жилийн КОНЦЕССЫН ГЭРЭЭ байгуулж, тус гэрээгээр тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар эдлэх, төслийн хүрээнд бий болох Бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх зэрэг давуу эрхүүдийг бий болгосон байна. 

Концессын зүйл, гэрээний ерөнхий нөхцөлд

  1. Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр,
  2. Жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр,
  3. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах),
  4. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал,
  5. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын автозамын Дулаанхааны 4 замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай автозам,
  6. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (50км), өргөтгөл, дэд станц байгуулна гэж заасан байдаг.

Дээрх Концессын хүрээнд жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлийг хангах амлаттай ч одоог хүртэл байгуулаагүйгээс гадна Төрийн өмчит хувьцаат компанийн харъяа уурхайнууд болох Төмөр толгой, Төмөртэйн уурхайгаас төмрийн хүдрийг олборлон экспортлож ашиг хүртэж байгаа аж. 

“Кью Эс Си” компанийн хамаарал