АН-ын ХЭГ-ын дарга асан Э.Одбаяр “С.Эрдэнийн бие муудсан” гэж Д.Батбаярыг залилж 600 орчим сая төгрөг авсан хэргийг шалгаж эхэлжээ

АН-ын ХЭГ-ын дарга асан Э.Одбаяр “С.Эрдэнийн бие муудсан” гэж Д.Батбаярыг залилж 600 орчим сая төгрөг авсан хэргийг шалгаж эхэлжээ

С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болсон даруйдаа өөрийн хүү Одбаярын дотнын найз гэх Эрдэнэбилэгийн Одбаяр гэх залууг намынхаа удирдлагын багт оруулж, АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын даргаар томилсон байна.

Учир нь С.Эрдэнийн хүү нь өөрийн дотнын найз Эрдэнэбилэгийн Одбаярыг аавтайгаа анх танилцуулсан тул С.Эрдэнэ 2012-2016 оны хугацаанд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын албан тушаалыг хашиж байхдаа Эрдэнэбилэгийн Одбаярыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга зэрэг яамныхаа харьяа төрийн байгууллагад удирдах албан тушаалд томилж байжээ.

-С.ЭРДЭНЭ ДАРГЫН БИЕ МУУДСАН, СОНГУУЛЬД НЬ ХАНДИВ ӨГӨӨЧ ЗЭРГЭЭР ХУДАЛ ХЭЛЖ 600 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ-

Товчхондоо, Эрдэнэбилэгийн Одбаярыг С.Эрдэнэ өөрийн хүү Одбаярынхаа дотнын найз гэдгээр нь “итгэж” АН-ын удирдлагын баг, тус намын ХЭГ-ын дарга болтол нь дэвшүүлсэн байна. Гэтэл Эрдэнэбилэгийн Одбаяр нь АН-ын ХЭГ-ын даргаар ажиллах хугацаандаа С.Эрдэнийн нэрийг барьж бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан байж болзошгүй байгаа тул түүнийг “залилах гэмт хэрэгт” холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэбилэгийн Одбаяр нь “АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг барьж, түүний бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, сонгуулийн зардалд нь хандив өгөөч” зэргээр худал хэлж Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт итгэл төрүүлэх замаар тэднээс 600 орчим сая төгрөгийг нь залилж авчээ.

Харин түүний дээрх үйлдлийг С.Эрдэнэ саяхан мэдэж, улмаар Кёкүшюүзан Д.Батбаяр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Иймд Эрдэнэбилэгийн Одбаярыг “залилах гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж эхлээд байгаа аж.

-ТҮҮНД ЗАЛИЛУУЛСАН ХОХИРОГЧИЙН ТОО НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ БАЙГАА АЖ-

Хамгийн ноцтой нь, Эрдэнэбилэгийн Одбаяр нь АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан үйлдэл нь үүгээр зогсохгүй өөр олон хохирогч байж магадгүй байгаа аж.

Тухайлбал, тэрээр нэр бүхий нэгэн эрхмийг АН-ын нарийн бичиг дарга болгон томилуулж улмаар түүнээс орон сууц авсан байж магадгүй байгаа аж. Мөн Эрдэнэбилэгийн Одбаяр нь 2020 онд БНСУ-ын казиногоор үйлчлүүлж байхдаа Монгол Улсын нэгэн иргэнд “өөрийг АН-ын нөлөө бүх эрхэм” хэмээн танилцуулж, түүнээс их хэмжээний вон авсан. Мөн тэрээр АН-ын ҮБХ-ны гишүүдийн татварын мөнгөөр казино тоглосон асуудалд холбогдож хариуцлага хүлээж байжээ.

Учир нь Эрдэнэбилэгийн Одбаяр нь мөрийтэй тоглоомд нэлээдгүй орсон нэгэн тул улс төрд нөлөө бүхий хүмүүстэй ойртож, тэдний итгэлийг олдог, улмаар их хэмжээний мөнгө олж түүгээрээ мөрийтэй тоглодог байж болзошгүй байгаа аж.

Иймд түүнд залилуулж хохирсон иргэдийг олж тогтоохоор хуулийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж эхлээд байгаа ажээ. Харин Эрдэнэбилэгийн Одбаяр нь 2020 УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнээс зайгаа авч, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг дагах болжээ. 

С.Эрдэнийн хүү Одбаяр нь Эрдэнэбилэгийн Одбаярын талаар өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард өөрийн твиттер хаягтаа дараах мэдээллийг нийтэлж байжээ; 

Тэгвэл түүний талаар С.Эрдэнийн хүү Э.Одбаяр өөрийн твиттер хуудастаа, “АН-ын залилан Э.Одбаяр гэж ийм нөхөр байдаг. 10 жилд цуг сурч байсан, анх би АН-д хөтөлж элсүүлсэн нь том алдаа болсон. Тэрнээс хойш "Эрдэнийн хүү Одбаярын амин амьдаа найз" гэж олон жил нэр барьж хор хутгаж байсан тухай АН-ын хүмүүсээс сүүлд олж мэдсэн. Одоо Женко, Тувааны цүнх баригч” хэмээн Эрдэнэбилэгийн Одбаярын зургийн хамт нийтэлжээ.

АН-ын ХЭГ-ын дарга асан Эрдэнэбилэгийн Одбаяр  УИХ-ын гишүүн Ц.Тувааны хамт