“IHC” койныг гаргасан “Их бит” компанийн удирдлагууд болох О.Мөнхжинг өнгөрөгч хоёрдугаар сарын 2 /2023.02.02/-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гарсан. Улмаар энэ долоо хоногийн даваа гараг /2023.03.13/ -т түүнийг дахин нэг сарын хугацаанд үргэлжлүүлэн хорих шийдвэрлэсэн юм. Мөн энэ хугацаанд “Их бит” компанийн удирдлагууд болох Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын иргэд ч хоригдож байна.
Тэгвэл эдгээр иргэд хоригдохтой зэрэгцэн тэдний гаргасан “IHC” койны ханш, арилжаа хэрхэн хийгдэж байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, “IHC” койны ханш анх “Их Бит” ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорих үед 0.22 мөнгө байсан бол түүнээс хойш үнэ нь тогтвортой гэж хэлж болохоор байна. Тухайлбал, өчигдөр /2023.03.16/-ийн байдлаар тус койн 0.18 мөнгө байсан бөгөөд энэ сарын хамгийн доод ханш нь 0.1722 мөнгөд хүрсэн байна.
Сонирхолтой нь, “IHC” койн хамгийн доод ханш хүртлээ унаад буцаж өсөхөд хэн нэгэн худалдан авагч тус койноос их хэмжээгээр худалдан авалт хийж байгаа нь үнийг тогтвортой байлгахад нөлөөлж байж болзошгүй байна.
Учир нь эл өдөр 25 сая ширхэг, 16 сая ширхэг койноор хоёр удаа худалдан авалт хийгдэж байгаа нь “IHC”-ийн хувьд өндөр худалдан авалт юм.
-О.МӨНХЖИНГ ЦАГДАН ХОРИХ НЬ КОЙНЫ ҮНЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙГАА ВЭ-
О.Мөнхжинг хоригдож эхэлснээс хойш өнгөрсөн Ням гараг /2023.03.12/-т “IHC” койн хамгийн өндөр ханш буюу 0.23 мөнгөд хүрсэн байна. Үүнээс үзэхэд “Их бит” ХХК-ийн удирдлагуудыг цагдан хорих шүүхийн анхны шийдвэр гарахад “IHC” койнын ханшинд ихээхэн нөлөөлж уналт мэдэгдэж байсан бол өдгөө цагдан хорионы шийдвэрээс үл хамааран койны ханш нь тогтвортой байна. Мөн тус койн захиалгын хувьд худалдан авахаас илүүтэйгээр "зарах" гэсэн захиалга их байгаа юм. Харин худалдаж авах захиалга нь тоогоор цөөн хэдий ч үнийн дүн, койны тоо ширхгээр зарах захиалгатай ойролцоогоор 5-10 хувийн зөрүүтэй байна.