Шадар сайд С.Амарсайхан хотын даргаар ажиллаж байхдаа өөрийн холбоотой гэгддэг “Дүүжин тээвэр”-ийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэндийн холбоотой байж болзошгүй “Ургах морин элс” гэх компанид газар эзэмших эрх олгох нэрийдлээр хууль зөрчиж, 32.1 га газрыг орон сууцны зориулалтаар олгосон баримтыг бид энэ удаад дэлгэж байна.
ВИДЕО:
-ХОЁР ШАТНЫ ШҮҮХ “УРГАХ МОРИН ЭЛС” ХХК-ИЙН ГАЗАР АШИГЛАХ ЭРХИЙГ ЦУЦАЛСАН ЗАХИРАМЖИЙГ ХУУЛЬ ЁСНЫХ ГЭЖ ҮЗЖЭЭ-
“Ургах морин элс” гэх компани 2011 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Морингийн давааны 32.1 га газарт “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох” эрх авсан байгаа юм. Гэвч тус компани нь тусгай зөвшөөрлийн дагуу газрын хэвлийг ашиглаагүй тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжаар “Ургах морин элс” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, газрын хэвлийн ашиглах эрхийг нь дуусгавар болгосон байна.
Харин тус компани С.Амарсайханыг хотыг дарга болсоны дараа газрын хэвлийгээ дахин ашиглахаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд ханджээ. Харин шүүх “хууль зөрчсөн” Ургах морин элс компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж хууль ёсных байна” хэмээн үзэж “Ургах морин элс” компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
-"ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ" БАЙГУУЛСАН ШАЛТГААНААР ДЭЭД ШҮҮХ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН БАЙНА-
Гэтэл “Ургах морин элс” компани нь хоёр шатны шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр хандсан байгаа юм. Улмаар тэдний хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүх хянаж байх хооронд “Ургах морин элс” компанитай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэс харилцан буулт хийж “эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулсан байна. Улмаар УДШ уг гэрээг үндэслэн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгосон байх аж.
Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж гарснаас яг гурван долоо хоногийн дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Ургах морин элс” компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээн олгох С.Амарсайханы захирамж гарчээ.
Эндээс “Ургах морин элс” компани хотын дарга С.Амарсайханд ямар нэг байдлаар нөлөөлж өөрт ашигтай шийдвэр гаргуулсан юм биш биз гэх хардлага төрж байгаа юм.
-ДҮҮЖИН ТЭЭВРИЙН Д.ЦЭНД “УРГАХ МОРИН ЭЛС” КОМПАНИЙН О.ЭРДЭНЭПҮРЭВ НАРЫН КОМПАНИ НЭГ ОФФИСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙЖЭЭ-
Тодруулбал, С.Амарсайхан хотын дарга байхдаа хэрэгжүүлж байсан “Дүүжин тээвэр”-ийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэндийн эзэмшлийн “Петромон индастри” компани нь “Ургах морин элс” компанийн эцсийн өмчлөгч О.Эрдэнэпүрэвийн "Глобал девелопмент партнерс" ББСБ-тай Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн цогцолбор Фидес тауэр 203 тоот хаягт хамт бүртгэлтэй байгаа нь эдгээр хүмүүс хоорондоо холбоотой гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Хамгийн ноцтой нь “Ургах морин элс” компанийн О.Эрдэнэпүрэвийн "Глобал девелопмент партнерс" ББСБ нь одоогоос хэдхэн хоногийн өмнө Д.Цэндийн компанитай нэг дор байсан хаягаа өөрчилсөн нь тэд холбоотой гэдгээ нуух зорилготой байсан уу гэх хардлагыг төрүүлж байна.
-ДҮҮЖИН ТЭЭВРИЙН Д.ЦЭНД ХОТЫН ДАРГА АСАН С.АМАРСАЙХАНД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-
Товчхондоо, “Ургах морин элс” компани нь С.Амарсайханыг хотын даргаар ажиллаж байхад Хан-Уул дүүргийн морингийн даваанд байрлах 32.1 га газрыг “зорилулалтын дагуу ашиглана” хэмээн эвлэрлийн гэрээ байгуулж, сэргээлгээд зогсохгүй уг газраа С.Амарсайханыг хотын даргын ажлаа өгөхөөс ердөө 5-хан хоногийн өмнө орон сууцны зориулалттай болгон өөрчлүүлж, эзэмшилдээ авсан байгаа юм. Эцэст нь хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, газрын хэвлийн ашиглах эрхээ орон сууцны зориулалттай болгож эзэмшихэд нь магадгүй Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Д.Цэнд, С.Амарсайхан нарын нөлөө байсан уу гэх хардлагыг төрүүлж байна.