Б.Уянга: Нөхөр маань дасгалжуулж, хамтдаа хичээсэн учраас "Мистер олимп"-ын эрхийг авсан анхны Монгол эмэгтэй болж чадлаа /ВИДЕО/

Б.Уянга: Нөхөр маань дасгалжуулж, хамтдаа хичээсэн учраас "Мистер олимп"-ын эрхийг авсан анхны Монгол эмэгтэй болж чадлаа /ВИДЕО/

Монголын Бодибилдинг фитнесийн түүхэнд шинэ хуудас нээж, Монгол эмэгтэй “Ifbb pro taiwan” тэмцээнд түрүүлж, мастер олимпод оролцох эрх авсан таатай үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Тэгвэл бид энэхүү түүхэн амжилтын эзэн мэргэжлийн бодибилдингийн тамирчин Б.Уянга болон түүний нөхөр Мэргэжлийн бодибилдингийн тамирчин Э.Батдоржтой ярилцлаа.

ВИДЕО: 

Тэдний хувьд эл ажилтад хүрэх мөрөөдөлтэй гурван жил бэлтгэл сургуулилт хийж, 20 гаруй тэмцээн, уралдаанд амжилттай оролцжээ. Анх фитнесийн зааланд танилцсан уран нугараач бүсгүй найз залуугийнхаа сонирхолд хөтлөгдөж тус спортыг сонгосон бөгөөд нөхрийнхөө байнгын бэлтгэл сургуулилт зөв дадлын ачаар ийнхүү амжилтад хүрснээ онцлон ярьж байсан юм. 

“Хамтдаа л биш бол надад энэ спортоор хичээллэх сонирхол байхгүй” хэмээн ярих Б.Уянга “Би уг нь уран нугараач. Анх дөрвөн зам дагуух нэгэн фитнест нөхөртэйгөө танилцаж байсан. Тухайн үед би гүйлтийн зам дээр хэсэг гүйж, сунгалт хийгээд л гардаг юу ч мэдэхгүй л охин явдаг байлаа. Тэгсэн нэг өдөр сунгалт хийж байсан манай нөхөр хажуугаас “Хүүе ээ. Хугарлаа шүү дээ” гэснээр бид анх ярилцаж байсан. Түүнээс хойш өдөр бүр таарч, үерхдэг болсны дараа түүний бэлтгэл хийхийг нь хажуугаас нь байнга хардаг байж байгаад хамтдаа хичээллэж эхэлсэн дээ. Түүнээс хойш хол байсан ч утсаар холбогдож ямар дасгал хийх, юу идэх зэргийг асууж бэлтгэл хийснээр хамтын мөрөөдлөө биелүүлж, мистер олимпод оролцох эрх авсан анхны монгол эмэгтэй болж чадсан” гэсэн юм.

Түүний нөхөр Э.Батдорж мөн л монголын анхны мэргэжлийн гэх тодотгол авсан бодибилдингийн тамирчин. Харин эхнэртэйгээ танилцсан дурсамжаа хуваалцахдаа “Анх түүнийг хараад мэргэжлийн хүний нүдээр нэг шувтан бөгстэй охин гүйгээд л гарах юм гэж хардаг байсан. Дараа нь сунгалт хийж байхыг нь хараад нугараач уу гэснээр ярилцаж, түүнээс хойш байнга таарч, ярилцсаар үерхдэг ч болж дасгалжуулж эхэлж байсан. Тэр гайхалтай ухаантай, тэсвэртэй, шантардаггүй. Хамгийн гол нь тэр надад итгэсэн анхны хүн би зөв дадлаар хичээллэвэл бикини төрөлд амжилт гаргах

боломжтой гэдэг байсан ч өмнө нь үүнд итгэж бэлтгэл хийсэн хүн гарч байгаагүй юм. Харин Уянгаа маань хичээж дэлхийд байхгүй амжилтыг гаргасан. Яагаад дэлхийд байхгүй гэж хэлж байна вэ гэхээр ерөөсөө л фитнесээр хичээллэж эхлээд гурван жил болсон хүн бодибилдингийн тамирчдын мөрөөдөл болсон мистер олимпод оролцох эрх авч байгаагүй. Зөв дасгал сургуулилт, шаргуу байсны хүчинд тэр минь хоёр жилд 20 гаруй тэмцээнд өндөр амжилт гаргасан. Ерөөсөө л бүх амжилтаа маш хурдан хугацаанд үзүүлж байгаа” хэмээсэн юм.

Тэдний цаашдын зорилго азийн шилдэг 10 тамирчны нэг болж, өндөр амжилт гаргаад Монголдоо бодибилдингийн тамирчин бэлтгэх мэргэжлийн холбоог нээх. Хэдийгээр хосууд хүүхэдтэй болж, энгийн жаргалтай амьдрахыг хүсдэг ч эмэгтэй хүний ид амжилт үзүүлэх цагт нь эхнэрийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүйн тулд одоогоор бэлтгэлдээ л анхаарч байгаа энэ ажээ.