Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Шинэ Хархорум хотын ойролцоо бага оврын цөмийн цахилгаан станц барих талаар хэлэлцэж, ойлголцолд хүрсэн байдаг.
-ШИНЭ ХАРХОРУМЫН ОЙРОЛЦОО БАГА ЧАДЛЫН ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ГЭРЭЭГ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ БАЙГУУЛЖ МАГАДГҮЙ БАЙНА-
Манай улс цахилгаан эрчим хүч, шатахууны хувьд Орос Улсаас шууд хамааралтай орон. Иймдээ ч манай улсад өөрсдийн гэсэн цахилгаан станцтай болох амбиц эртнээс байсаар ирсэн ч энэ хүсэл дээр нь Орос "тоглолт" хийсээр ирсэн гэж болох. Учир нь Францтай хамтран хэрэгжүүлж буй Ураны төсөлд Орос тодорхой хэмжээний саад учруулж, манайд бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө хэмээн хуурч, Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг ч хүртэл гацаасан байдаг.
Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков тус улсын “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа “Шинэ Хархорум”-ын ойролцоо бага чадлын цөмийн цахилгаан станц барих гэрээг 2025 оны эхний хагаст байгуулж магадгүй байна гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр бага чадлын цөмийн цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөж буй Шинэ Хархорум хотын ойролцоох бүс нутагт байршуулах боломжийн талаар хэлэлцэж, ойлголцолд хүрсэн байдаг. Мөн энэхүү ЦЦС-ын хүчин чадал 330 МВт хүртэл байна гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков мэдэгджээ.
-В.ПУТИН ХУУЧИН ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛСЫН БҮРЭЛДЭХҮҮНД БАЙСАН УЛС ОРНУУДАД БАГА ОВРЫН ЦАХИЛГААН СТАНЦУУД БАРИХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ-
Оросын "Росатом"-оос өнгөрсөн есдүгээр сард Монгол барих цахилгаан станцын техникийн зураг төсөл батлагдсан хэмээн мэдээлж байв. Түүнчлэн 2024 оны зургаадугаар сараас Улаанбаатар хотод ОХУ-ын Росатомын төлөөлөгчийн газар ажиллаж эхэлсэн. Тус корпораци нь Мон-Атомтой хамтран ажилладаг бөгөөд Тавантолгой, Цагаан-толгой гэсэн нийт 1 ГВт-аас дээш хүчин чадалтай хоёр ч дулааны цахилгаан станцын тухай яригдаж байгаа ч баригдах эсэх нь баттай биш.
Цөмийн цахилгаан станц барих төсөл нь одоогийн байдлаар Орос, ТУХН-ийн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байна.
Тодруулбал, ОХУ Киргиз, Узбекистан улсад бага чадлын атомын цахилгаан станц барьж буй. ТУХН-ийн орнууд бол хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнууд. Эл бүс нутгийн улс орнуудад Оросын Ерөнхийлөгч В.Путин атомын цахилгаан станцууд барьж өгөх бодлого баримталж буй. Үүний нэг нь Монгол Улс болж байгааг Шинэ Хархорумын цахилгаан станцын төслөөс харж болох. Ямартай ч Шинэ Хархорум хотод атомын цахилгаан станц барих гэрээ ирэх онд үзэглэгдэх нь. Гэвч манай улсад цахилгаан станц барьж өгнө гэх гоё үгээр үргэлж хуурч байдаг тус улсаас үр дүн хүлээх хэцүү. Дараагийн Эгийн голын усан цахилгаан станц болж, олон жил гацахыг ч үгүйсгэх аргагүй юм.