ШУУРХАЙ: "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" гарын үсгийг О.Амгаланбаатар цуглуулж эхэлсэн бөгөөд Д.Жаргалсайхан ганцаараа гарын үсгээ зуржээ

ШУУРХАЙ: "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" гарын үсгийг О.Амгаланбаатар цуглуулж эхэлсэн бөгөөд Д.Жаргалсайхан ганцаараа гарын үсгээ зуржээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялагдал хүлээсэн. Тиймээс намаа ялагдуулсан Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт болон бусад удирдлагуудыг хариуцлагаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан шаардлага одоо ч үргэлжилж байна. Харин Т.Батцогт нь “Би хариуцлагаа хүлээж Нийслэлийн Ардчилсан намын даргын ажлаа хүлээлгэн өгнө. Надаас гадна намын удирдлагууд болох Л.Гантөмөр, Н.Ганибал нар ч хариуцлага хүлээх ёстой. Л.Гантөмөртэй хамт хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн. 

-Х.БАТТУЛГЫНХАН АН-ЫГ АВАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ-

Л.Гантөмөрийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд намаа удирдаж ороод МАН-д ялагдсан ч өмнөх амжилтаа ахиулсан гэх үндэслэлээр намын гишүүд нь итгэл нь хүлээлгэж ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж буй. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 07-ны өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж тус шийдвэрийг гаргасан юм. Гуравхан сарын өмнө Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 90 хувийнх нь итгэлийг авч Ардчилсан намын даргаар үлдсэн Л.Гантөмөрийг энэ удаа Т.Батцогт нь хөлдөө чирж, хамт л хариуцлага хүлээнэ гэж буй.Тэгвэл саяхнаас УИХ дахь Ардчилсан намын гишүүд Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаас огцруулах гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын албан бланк дээр гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд ганцхан Баянхонгорын Д.Жаргалсайхан л гарын үсэг зурсан байна.

Т.Батцогт уриалгыг гаргаж, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан нар үргэлжлүүлж буй нь энэ үйл ажиллагааны захиалагч нь хэн бэ гэдгийг тодорхой заагаад өгч байна. УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны дараагаас л Х.Баттулга Ардчилсан намыг авахаар төлөвлөгөө боловсруулсаны эхнийх нь нийслэлийн ИТХ-ын сонгуульд өөрийнхөө хүмүүсийг дэвшүүлж, амжилттай оролцох байв.

Гэтэл бүтэлгүйтэж, АН НИТХ-д дөрвөн төлөөлөлтэй болсон учир олон төлөөлөлтэй болж Ардчилсан намыг авах цаашлаад 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг харсан түүний мөрөөдөл нь түрдээ нураад байна. Гэхдээ нөгөө талд Л.Гантөмөр орон нутгийн сонгуульд намаа зүгээр л хөсөр хаяж, дэмжсэн нэг үг, дэмнэсэн нэг илүү үйлдэл хийгээгүй нь мөн үнэн. Тэгэхээр Ардчилсан намын ялагдлыг далимдуулж Х.Баттулгынхан Л.Гантөмөрөө буланд шахан намаа авахаар аль хэдийн хөдөлж эхэлсэн нь дээрх гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа байж болзошгүй юм.

-Н.НОМТОЙБАЯРЫГ БҮРТГЭЭГҮЙ ШАЛТГААНААР АН-ЫН ШИНЭ ДАРГЫГ Ч БҮРТГЭХГҮЙ-

Гэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль үйлчилж эхэлсэн бөгөөд уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан улс төрийн намуудын тухайд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуультай нийцүүлэн Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээ байгаа. Энэ дагуу Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон түүнд нийцүүлэн баталсан намын дүрмийн дагуу хийнэ.

Яг энэ шаардлагын дагуу Монголын ногоон намын даргаар Н.Номтойбаярыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар гаргасан. 

Тэгэхээр Ардчилсан намынхан ч ялгаагүй дээрх хуулийн шаардлагын дагуу Л.Гантөмөрийг огцруулах боломжгүй байгаа бөгөөд огцрууллаа гэхэд оронд нь өөр дарга сонгосон ч Улсын дээд шүүх Н.Номтойбаярын кейсийн дагуу бүртгэхгүй байхаар байна. Харин Ардчилсан намынхан даргаа солино гэхээс илүү дүрмээ шинэчлэх шаардлага хуулийн өмнө байна.