ВИДЕО: "Японд дөрвөн хүн рүү дайрсан баавгай үйлдвэрийн цонхоор гарч зугтаасан" гэжээ

ВИДЕО: "Японд дөрвөн хүн рүү дайрсан баавгай үйлдвэрийн цонхоор гарч зугтаасан" гэжээ

Японы зүүн хойд хэсгийн Фукушима хотод дөрвөн хүн рүү дайраад байсан баавгай электроникийн үйлдвэрт нуугдаж байгаад цонх онгойлгон явсан байж болзошгүй гэж эрх баригчид мэдээлжээ.

ВИДЕО: 

Хотын захиргааны мэдээлснээр, "баавгайн үлдээсэн мөрнөөс харахад уг амьтан цонхны түгжээг тайлж, дараа нь түлхэн онгойлгож зугтсан байж болзошгүй байгаа аж. Тэгвэл үүнээс өмнө уг баавгай урд сарвуугаараа усны цоргыг онгойлгон ус уусан нь анхаарал татаж байгаа аж. Энэ талаар Фукушима хотын дарга Юки Баба Киодо “Бид энэ баавгайг маш ухаалаг амьтан гэж үзэж байна” хэмээн ярьжээ.

Баавгай мягмар гараг /2026.06.02/-ийн орой Фукушима дахь гангийн үйлдвэрт нэвтэрч, дөрвөн хүнийг гэмтээсний дараа ойролцоох электроникийн үйлдвэрт орсон байна. Эрх баригчид түүнийг тэнд барихаар төлөвлөж байсан ч амжилтгүй болжээ.

Тодруулбал, тайвшруулах сумаар хөдөлгөөнгүй болгох ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр баавгай жимс, зөгийн балаар өгөөшлөсөн урхинаас хоолыг нь авч идсэн ч, өөрөө баригдаагүй байна.

Лхагва гарагийн орой Японы орон нутгийн эрх баригчид баавгайг урхинд оруулахын тулд үйлдвэрийн гэрлийг унтраасан боловч тэрээр цонхоор гарч зугтсан гэж үзэж байгаа аж. Баавгайг буудах зөвшөөрөл олгоод байсан ч үйлдвэрийн дотор шатамхай материал их хэмжээгээр хадгалагдаж байсан тул цагдаа нар гал нээж чадаагүй байна. 

Япон улс сүүлийн жилүүдэд баавгай хүн рүү дайрах нь эрс нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд ийм төрлийн халдлагын улмаас долоон хүн амиа алдсан нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон байна. Өмнө нь баавгайн халдлага ихэвчлэн ичээндээ орохын өмнөх намрын улиралд нэмэгддэг байсан бол сүүлийн жилүүдэд жилийн бусад үед давтамж нь өсөх болжээ.

Өчигдөр /2026.06.04/ Фукушимагийн эрх баригчид оргосон баавгайг олохоор нисгэгчгүй онгоц ашиглан эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Аюулгүй байдлын үүднээс зарим сургууль танхимын хичээлээ зогсоож, цахим хэлбэрт шилжжээ. Хотын дарга Юки Баба баавгай оргосон асуудлаар тайлбар хийхдээ “Бид хариу арга хэмжээ авах ажлаа орхигдуулсан гэсэн үг биш. Гэсэн ч ийм нөхцөл байдал үүссэнд харамсаж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC