ФОТО: Налайхын замаар зорчиход хүндрэлтэй байна

ФОТО: Налайхын замаар зорчиход хүндрэлтэй байна

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ОЧИХ СУРГААР ЗАМЫГ УСАЛЖ, ТЭГШИЛЖЭЭ-

“Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих ажил үргэлжилж байна. Уг чиглэлийн замыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хаасан бөгөөд ирэх 11 дүгээр сарын 30-ны өдөр нээх юм. Энэ хүртэл иргэд Налайхын зам дагуу гаргасан түр замаар зорчино.

Гэтэл түр замаар зорчиход хүндрэлтэй байгаа талаар иргэд ярьж байна. Тухайлбал, түр замд үүссэн том нүх иргэдийн машиныг эвдлэх, бартаа, саад тойрч гарах гэж байгаад бусдын машиныг шүргэх, тоос шороон дундах үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаагаас сөрөг урсгалаас ирэх машинтай мөргөлдөх зэрэг олон хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Мөн замыг услах ажил муу байгаа талаар иргэд гомдоллож байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өглөө бүр замыг усалж байгаа гэх мэдээллийг өгч байгаа ч бодит байдал дээр огт услахгүй байгаа талаар тус замаар зорчих иргэд ярьж байгаа юм. Цаашлаад түр замыг барьснаас хойш ганц ч удаа тэгшилж, засаагүй аж.

Энэ сарын 10-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажилласан. Түүнийг тус дүүрэгт ажиллах сургаар замыг маш сайн усалж тоосжилтыг дарсан боловч маргаашнаас нь услахаа больсон талаар Налайхын оршин суугчид ярьж байна.

Иргэдийн зүгээс Налайхын замыг өдөр бүр услах, долоо хоног бүрт тэгшлэхиг холбогдох байгууллагаас шаардаж байгаа аж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр тахиа өдөр

31 минутын өмнө