Ц.Уянга: Бидний сонгууль өгөх эрхийг хүчээр хаасан

Ц.Уянга: Бидний сонгууль өгөх эрхийг хүчээр хаасан

Монгол Улсад УИХ-ын сонгууль амжилттай болж өндөрлөсөн ч цар тахал, эдийн засаг, гадаадад гацсан иргэдийн асуудал өндөрлөсөнгүй үргэлжилсээр байна. Тэд “Гадаадад гацсан монголчууд” группт нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж, тус тусынхаа гацсан улс оронд жагсаал цуглаан хийж буй ч тэдний тэмцэл үр дүнгээ өгөхгүй байсаар УИХ-ын найм дахь  сонгуулийг өнгөрөөв. Гадаадад гацсан иргэд энэ тал дээр бухимдалтай байгаа бөгөөд тэдний төлөөлөл Ц.Уянгын байр суурийг бид хүргэж байна.

-Сайн байна уу. Та одоогоор хаана гацчихаад байгаа вэ?

-Сайн. Сайн байна уу. Тайландад байна. Энд төслөөр ажиллаж байгаа. Ээж маань нэгдүгээр сард энд ирээд одоог хүртэл буцаж чадахгүй байна. Цагаан сар өнгөрөөгөөд буцах байсан.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ЭХ ОРОНДОО БУЦАХ НЭН, ЧУХАЛ ШААРДЛАГАГҮЙ ИРГЭД ДУГААР ДАЙРЧ  НУТАГ БУЦСАН-

-Буцах хүсэлтээ хэдэн удаа явуулсан бэ?

-Өргөдөл бичиж явуулаад татгалзсан, авсан гэсэн нэг ч хариу аваагүй. Хэн ч авдаггүй. Жагсаалтад орсон хүмүүст нь л мэдэгддэг.  Тиймээс тэдэн удаа өгөөд, тэдэн удаа хасагдаад байсан юм байхгүй. Ер нь хамгийн том асуудал нь би өөрийгөө гэх биш дэлхийн өнцөг булан бүрт гацан, хүнд, эрсдэлтэй  байдалд орчихсон байгаа хүмүүсийг л хурдан эх орон руу нь буцаахыг  уриалж дуугарч, хүсэж, тэмцэж байна.

-Нөхцөл байдал хэр байна?

-Би бол суурин, төсөл дуустал цалин хангамжтай болсон. Харин энд эмчилгээнд ирсэн, тэргэнцэртэй, эсвэл өндөр настай, мөнгө нь дууссан хүмүүс тун хэцүү байдалтай байна. Жишээ нь манай ээж чухал асуудалгүй тул бусад хүмүүстэй барьцаад яахав гэж бодсон. Гэтэл тэнд төрсөн эгч нь яаралтай тархины хүнд хагалгаанд ороод маш хүнд байгаа. Гэх мэтчилэн хэн ч, юу ч төсөөлж тааварлашгүй эрсдэлтэй хүнд нөхцөл, хүний амьдралын эмзэг асуудлууд их үүсэж байна.

-Засгийн газраас гаргасан таван шаардлага гэж бий. Гэтэл гадаадад гацсан иргэд болон ард иргэдийн зүгээс шаардлага хангаагүй хүмүүс ирж байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэгэж хардахаас аргагуй нөхцөл байдал их үүсэж байна.  Нэн шаардлагагуй хүмүүс маш ихээр түрүүлж очсон. Жишээ нь бүх том дарга нар, тэдгээрийн гэр бүл, үр хүүхэд түрүүлж очсон боловч 2-3 нялх нойтон хүүхэдтэй, мөнгөгүй, айл айл хэсээд аргаа барсан, хүнд өвдсөн, тэргэнцэртэй  хүний асаргаанд байгаа хүмүүс явж чадахгүй байгаад л байна шүү дээ.  Суудлаа хүлээсээр бие нь муудаж нас барсан, халдвар аваад ковид тусаад өнгөрсөн, гэнэт цус харвасан, энд гацсан хүмүүсийн аав, ах дүү Монголд нас бараад салах ёс ч үйлдэх боломжгүй болсон гэх мэт олон жишээ байна. Одоо халдварын хоёр дахь давалгаа тархвал энэ хүмүүст бүүр хүнд болно.  Дээрээс нь ахиад өвчин тархвал халдвар авах магадлал нь өндөр болно.

-ИРГЭДЭЭ ХҮНД БАЙДАЛД ХАЯЧИХААД ТҮҮНДЭЭ ОГТ ЭМЗЭГЛЭЛГҮЙ, СОНГУУЛЬ, НААДМАА ХИЙГЭЭД БАЙГААД НЬ ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА-

-Зарим иргэд хонох газаргүйн улмаас байгаа улсынхаа Элчин сайдын яаманд хонож байгаа тохиолдол гарсан?

-Тийм ээ, энд тэндгүй л гарч байна. Тиймээс үнэхээр эхний ээлжинд хүнд байдалд байгаа бүх хүмүүсээ татаад дараа нь дарга нар өөрсдийгөө бодсон бол хэн ч барьцахгүй. Тэд мөнгө, байр хоол болон бусад хэрэгтэй тусламж, боломжоор дутна гэж байхгүй. Харин жирийн иргэд элчиндээ ч коридорт нь хонох эрхгүй байна шүү дээ. Ингэж иргэдээ ялгаварлан гадуурхаж, амьд явах, баталгаатай аюулгүй байдалд амьдрах эрхийг нь зөрчсөн ч түүнийгээ үл тоож, огт сэтгэл нь эмзэглэхгүй сонгууль, наадамаа хийгээд, цуглаж шоудаад байгаад нь үнэхээр цөхөрч, зэвүүцэж байна.

-ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬ ХҮНИЙ МАШ ОЛОН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН, ШУДАРГА БУС СОНГУУЛЬ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ-

-У.Хүрэлсүх даргын хоёр охин Франкфуртын нислэгээр ирсэн хэмээн гадаадад гацсан иргэд их шуугисан. Энэ үнэн юмуу. Энэ тал дээр таны байр суурь?

Тэгсэн гэсэн. Үнэн эсэхийг Монголын бүртгэлийн байгууллага ил болгох ёстой. Хүн нууцалдаг л гэнэ. Ийм хүн буусан уу гээд л захын нисэхийн лавлахаас асуухад хэлээд өгдөг зүйлийг нуугаад байдаг хууль байхгүй. Мөн очоод карантилагдсан хүмүүсийн иргэний үнэмлэхийг хурааж, үг хэлж, мэдээлэл задраахыг хориглож, хянаж байгаа гэсэн. Хэрвээ худлаа гэж дайраад байгаа бол У.Хүрэлсүх өөрөө “Надад Мандурай, Номуундарь гэж хүүхдүүд байхгүй” гээд албан ёсоор зарлачих хэрэгтэй.

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль болж өнгөрөөд удаагүй байна. Таны хувьд саналаа өгч чадаагүй байх. Ер нь хэр шударга явагдсан гэж үзэж байна?

-Яаж өгөхөв дээ, бидний энэ эрхийг хүчээр хаасан шүү дээ. Мэдээж МАН-г үнэмлэхүй ялах өрсөлдөгч нам байгаагүй ч энэ удаагийн сонгуулиар сөрөг хүчин нам, эвсэл бүрээс бүрдэж хяналтын сайн бүлэгтэй болох байх гэж маш их найдаж, хүлээж, итгэж  байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.  Энэ удаагийн сонгууль “Хүний тэгш эрхээр хангагдах, төрийн ил тод зарчимаар хангах, хүний амьд явах, аюулгүй нөхцөл байдлаар хангагдах, чөлөөтэй зорчих, эх орондоо ирэх, ялгаварлан гадуурхалаас ангид байх, сонгох, сонгогдох эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх гэх мэтээр  бүгд зөрчигдөж, хязгаарлагдаж, УОК-н тусгай дүрэм нэрээр айлган дарамталсан шударга бус сонгууль боллоо” гэж үзэж байна.  Цаашид төсвийн зарцуулалтын хяналт, хууль боловсруулалт,  бүлэглэлүүдийн хоорондын мөнгөө хуваалт зэрэг хууль бус үйлдүүдийг хянах чадваргүй, амлаж гарч ирсэн бодлого шийдвэрийг нь нэхэх сөрөг хүчингүй, дангаараа ноёрхож, дураараа толхилсон дөрвөн жил биднийг хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

 




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө