Т.Батсүхэд яллах дүгнэлт үйлджээ

Т.Батсүхэд яллах дүгнэлт үйлджээ

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд зодуулан хохирогчоор тогтоогдон, түүнд холбогдох хэргийг шүүх хуралд оролцож буй Т.Батсүхийн өдүүлсэн авлигын хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн наадмын өмнөхөн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажилладаг түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад нэлээд олон жил болсон бөгөөд гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор ийнхүү дээрх шүүхэд хүргүүлээд байна.

Т.Батсүхийг албан тушаалаа ашиглаж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлсэн хэд хэдэн төслийн хөрөнгөөс завшсан, хүрээлэнгийнхээ орон нутгийн салбаруудад данстай малыг хувьдаа авч ашигласан гэх хэрэгт холбогдуулсан талаар нэлээд олон жилийн өмнө эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын “...батлагдсан журам, заавар, аргачлалыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгоор үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулж, гэрээ байгуулахад мөрдөж ажиллахыг бүх шатны захиалагч нарт даалгасугай” гэсэн заалтыг зөрчсөн олон үйлдлийг нь нэгтгэн шалгаж дууссан талаар Өнөөдөр сонины дугаарт нийтэлжээ.