Олон улсын харилцаанд болгоомжтой хандахыг Хятадын телевизүүд онцолжээ

Олон улсын харилцаанд болгоомжтой хандахыг Хятадын телевизүүд онцолжээ

Сүүлийн үед Өвөрмонголчуудын хэл соёлын талаарх асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Хятадын засгийн газраас тус үндэстний үндэсний их хэл бичгийг хэрэглүүлэхгүй байх шийдвэр гарсан нь олон монголчуудын уур бухимдлыг төрүүлсэн бөгөөд үүнийг эсэргүүцэж хэд хэдэн Өвөрмонгол багш нар, мөн сурагчид амиа хорлосон юм.

Үүний талаар дэлхийн томоохон хэвлэлүүд ч мэдээллэж эхэлсэн бөгөөд нэр хүнд бүхий олон хүмүүс Өвөрмонголчуудын эсэргүүцлийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний дотроос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Өвөрмонголчуудын хэл соёлынхоо төлөө тэмцэж байгааг дэмжсэн үг хэлсэн нь олон улсад чамгүй анхаарал татаж байгаа нь олон зүйл дээр ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал, Тайваний Дунсэн телевизээр нэгэн нэвтрүүлэг гарсны дотор "Өвөрмонгол, тэр дундаа Монголын хүчин зүйлийн" талаар онцолжээ. Уг нэвтрүүлгээр Энэтхэг Хятадын хооронд хилийн будилаан шатлан өргөжөөд Энэтхэгийн цэргүүд маргаантай хилийн бүсэд хилийн шугамыг 4 км-ийн гүн зурваст тэлээд нэгэн маш чухал өндөрлөгийг эзлэн авчээ. Угаас шазруун Хятадын Ардын чөлөөлөх армийн дайчид эзлүүлсэн газар нутгаа буцаан авахаар хариу дайралт хийх нь тодорхой байтал Өвөрмонголд үүссэн нөхцөл байдал даамжраад тэр нь Монгол улсын ард түмний зүгээс хүчтэй дэмжлэг хүлээж эхлэсэн нь Хятадын эрх баригчдад арга буюу болгоомжлол үүсгэсэн бололтой. Хэрвээ Хятад улс бодлогогүй, хөнгөн гоомой хөдлөвөл Монголтой сайн харилцаатай Оросуудын гэдэнг хөдөлгөх нь тодорхой гэж нэвтрүүлгийн тоймчид дүгнэжээ.

Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө өөрийн нүүр хуудсандаа бичлэг хийж “Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ. Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг” хэмээн хэлж байсан юм.