“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой бичлэг өнгөрсөн оны зургадугаар сард /2023.06.15/ цахим орчинд цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан.
Улмаар уг хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийг удаа дараа буцааж, сунжируулсаар өнгөрсөн гуравдугаар сард /2024.03/ Сэлэнгэ аймгийн прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Ингэхдээ түүнийг цагдаагийн байгууллагаас анх шалгаж байсан "Хүнийг алахыг завдсан" гэх хэрэг нь "сураггүй алга" болж, зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж, олны анхааралд хүргэсэн Цагааннуур сумын багийн дарга Б.Ганзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байгаа аж. Тодруулбал, Б.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ зэрэг үйл ангиар яллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.