Н.Нарантуул: Хүний нутагт байхдаа хайртай хоёр хүнээ ойр ойрхон алдах үнэхээр аймшигтай байсан

Н.Нарантуул: Хүний нутагт байхдаа хайртай хоёр хүнээ ойр ойрхон алдах үнэхээр аймшигтай байсан

Дэлхий даяар коронавирус цар тахал дэгдэж, манай улс хилээ бүрэн хааснаас хойш олон монголчууд хайртай хүмүүсээсээ үүрд хагацан, санаж бэтгэрсээр өдийг хүрчээ. Эх орондоо очиж чадалгүй хүний нутагт амиа алдсан иргэдийн мэдээлэл олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн бол санаж, хүлээн байж эх орондоо ирчихээд тусгаарлалтын байранд ч нас барсан тохиолдол гарсан билээ.

Тэгвэл БНСУ-д хоёрхон  сарын хугацаатай яваад, арван сар хүний нутагт гацсан нэгэн эгэл жирийн эмэгтэйтэй бид энэ удаад ярилцлаа. Түүний хувьд 14 хоногийн дотор  хамгийн их хайрлаж явдаг хоёр хүнээ алдаж, амьдын хагацал үзэж яваа нэгэн. Гэсэн ч “хүн жаргал даадаггүй, зовлон даадаг учраас ямар ч хамаагүй аргаар эх орондоо очиж, охидтойгоо уулзан, талийгчдийнхаа хойдох буяныг хийхийг юу юунаас ч илүү хүсэж байна. Хэдхэн хоногийн дараа би эх орон, элгэн садандаа очно гэсэн догдлол, хүлээлт байгаа ч очиход минь тосоод авах хайрт хань, хадам ээж минь байхгүй гэхээр хөл тушигдаж, сэтгэл эмтэрч байна” хэмээн бидэнд хуучилж байсан юм.

- БНСУ-Д ХОЁР САРЫН ХУГАЦААТАЙ АЖИЛЛАЖ, АМЬДРАЛДАА
ЖААХАН Ч  БОЛОВ ДЭМ БОЛОХООР НЭГДҮГЭЭР САРД НӨХӨР,
ХҮҮГИЙН ХАМТ НИССЭН-

-Сайн байна уу. Юуны өмнө танай гэр бүлд тохиолдсон харамсалтай явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Н.Нарантуул гэдэг. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байдаг “Болд-төмөр Ерөө гол” гээд хүдэр боловсруулах уурхайд ханьтайгаа хамт ажилладаг байсан. Бид хоёр энэ уурхайд арав гаруй жил ажиллаж байгаа хүмүүс. Миний хувьд гагнуурчин  мэргэжилтэй бөгөөд энэ уурхайдаа эдийн засгийн хэлтэст хяналт, бүртгэлийн ажилтан хийдэг, харин хань маань соёл хүмүүжил хариуцсан мэргэжилтнээр  ажилладаг байсан.

-Таны хувьд хэзээ БНСУ-ыг зорьсон бэ?

-Уурхайн ажил маань өвөл болоод зогсчихдог учраас хүмүүс өвлийн амралтаараа гадаад, дотоодыг зорих тохиолдол их гардаг. Нөхөр бид хоёрын хувьд өмнө нь Солонгост хоёр  сарын хугацаанд ирж ажиллаж байсан учраас энэ жилийн өвлийн амралтаар бас тус улсыг зорьж, амьдралдаа жаахан ч болов тус дэм больё гэж бодсон юм. Ингээд 2020 оны нэгдүгээр сарын 11-нд 18 настай хүүтэйгээ, гурвуулаа Солонгос улсыг зорьсон доо.

-Хань нь хэзээ Монгол руу буцсан бэ?

-Бидний хувьд гурван хүүхэдтэй. Том охин маань 25 настай, гэр бүлтэй, бага охин маань 14 настай эмээтэйгээ амьдардаг юм. Харин хүү маань 18 настай, бид хоёртой хамт энд ажиллахаар ирсэн. Ханийн маань ээж 94 настай буурай бий. Тиймээс нөхөр маань энд нэгдүгээр сарын 11-нд ирээд хоёрдугаар сарын 22-нд буцсан. Бид ирэхээсээ өмнө “ээжийн бие тааруу байгаа учраас миний хань сар болоод буц. Хүү бид хоёр энд ахиад нэг сар ажиллачихаад гуравдугаар сарын 10 гаргаад очьё” гэж тохирцгоосон юм. Ингээд хань маань хоёрдугаар сарын 22-нд буцах билеттэй байсан учраас буцсан. Удалгүй коронавирус ч дэгдэж, хил гааль гээд бүх зүйл хаагдсан даа.

-ХАНЬ МААНЬ ӨНДӨР НАСТАЙ ЭЭЖИЙГЭЭ ХАРАХААР УДАЛГҮЙ
ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛЭЭР БУЦСАН. ЭНЭ ҮЕД ТҮҮНТЭЙГЭЭ ЭЦСИЙН
УДАА УУЛЗАЖ БАЙСАН ГЭДГЭЭ ХЭРХЭН МЭДЭХ БИЛЭЭ-

-Ар гэрт нь энэхүү харамсалтай явдал хэзээ тохиолдов?

-Ханийн маань ээжийн бие өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нэлээн тааруу болж эхэлсэн. Ханьтайгаа ярих болгонд “ажилдаа явж байна, эсвэл ээжийгээ харж байна” гэдэг байсан. Айлын ганц хүү байсан учраас энэ хугацаанд маш их ганцаардаж байсан даа. Хажууд нь өмөг түшиг болох хань ч байхгүй байсан учраас ярих болгонд нэг л гундуу, сэтгэл дундуур байгаа нь мэдрэгддэг байсан. Бид хоёр ханилсан цагаасаа нэг ч салалгүй, бүх зүйл дээр хамтдаа явдаг байсан. Ингээд наймдугаар сарын 31-нд надруу залгаад “ээж өнгөрчихлөө” гээд уйлсан. Энэ үед надад үнэхээр хэцүү байсан. Олон жил хамт байсан ээжтэйгээ уулзаж чадалгүй, энэ цагаан сараар золгож ч чадаагүйдээ маш их харамссан. Өнгөрсөн хугацаанд ээжтэй ярих болгондоо “ээж ээ, охиныгоо хүлээж байгаарай, би удахгүй очно оо, хил дөрвөн сард нээнэ гэсэн, дараа сард нээх юм шиг байна, за энэ сард нээчих байх аа” гээд л их хүлээсэн дээ. Ээж маань  ч “тэгнэ ээ, ээж нь дажгүй, эмээ уугаад байж байгаа” гэж хэлдэг байсан.

-Өнгөрсөн хугацаанд УОК-т хэдэн удаа өргөдөл өгсөн бэ?

-Долоодугаар сарын 25-нд энд байдаг дүүгээрээ өргөдөл бичүүлээд УОК-ын Шуурхай штабт өгсөн. Хань маань бас группд байдаг юм. Ингээд“өндөр настай ээж, насанд хүрээгүй охиноо үлдээгээд ирсэн” гээд өргөдөл бичсэн. Гэхдээ ямар ч хариу ирээгүй. Би хариу ирэх байх гэж их хүлээсэн.  Дөрөвдүгээр сард бас онлайнаар өргөдөл өгсөн ч хариу ирээгүй. Ингээд сая ханийгаа өнгөрчихлөө гэж сонсоод үнэхээр чихэндээ итгээгүй. Элчин сайдын яам руу гараад гүйж байсан. Очоод “Би хамгийн хайртай хоёр хүнээ 14 хоногийн дотор алдчихлаа. Тэнд миний алгын чинээхэн охин ганцаараа үлдсэн. Би явах ёстой” гэж хэлсэн. Ингээд тэнд өргөдөлөө өгөөд бас монголд байгаа дүүгээрээ дамжуулан Шуурхай штабт өргөдөл өгүүлсэн. Одоо есдүгээр сарын 21-нд явах онгоцонд багтчихасан хүлээгээд байж байна.

-Ханийгаа өнгөрсөн аймшигт мэдээг  хэзээ сонссон бэ. Ямар шалтгааны улмаас нас барсан юм бол?

-Хань маань ээжийгээ өнгөрсөнөөс хойш арав ч хонолгүй араас нь явчихсан. Ээжийнхээ буяны ажил гээд ажлаасаа чөлөө авчихсан байсан юм. Есдүгээр сарын 9-ны өдөр айлд оччихоод бие нь тавгүйрхээд байсан учраас эмнэлэг дуудаж, тариа хийлгэсэн гэсэн. Цуг байсан хүн нь ярихдаа “тариагаа хийлгэчихээд цай уучихаад хэвтсэн. Хоол хийж байтал гэнэт сонин дуугараад чимээгүй болчихсон. Гүйгээд очтол доошоо хараад, эвхэрчихсэн хэвтэж байсан” гэж хэлсэн. Шалтгаан нь ерөнхийдөө зүрх нь хаагдчихсан гэж гарсан. Ер нь миний хань дотроо маш их ганцаардаж, шаналж байсан. Ээж нь өнгөрчихсөн, тэгээд хань нь байхгүй “үнэхээр хэцүү байна” гэж их ярьдаг байсан. Хүний газар ийм зүйл сонсоно гэдэг үнэхээр аймар байдаг юм билээ. Тэр тусмаа хань ижлээ алдана гэдэг үнэхээр хэцүү. Сүүлийн мөчид нь хажууд нь байж чадаагүйдээ үнэхээр харамсдаг. Хань маань 50 настай хэдий ч их залуулаг сэтгэлгээтэй, урлаг, спортод их дуртай, хамт олонтой хүн байсан. Сая нас барсных нь дараа найз нөхөддөө ямар их нэр хүндтэй, сайн хүн байсан гэдгийг нь илүү их мэдэрсэн. Би одоо ч итгэж чаддаггүй. Одоо би яаж эх орондоо очих уу, яаж гэртээ харих уу, гэрийнхээ хашаагаар яаж орох вэ, ажил дээрээ яаж очих вэ гэж маш их бодож шаналж байна. Хаашаа ч харсан бүх зүйл хань, ээж хоёрыг маань сануулах байх. Үнэндээ гэртээ харихаас маш их зүрхшээж байна. Гэхдээ очихгүй гээд яах билээ, үр хүүхэд, эх орон минь хүлээж байгаа.

-ТЭР АЙМШИГТ МЭДЭЭГ СОНСООД ЧИХЭНДЭЭ ИТГЭЭГҮЙ. ОДОО БИ ЯАЖ
ГЭРИЙНХЭЭ ХАШААГААР ОРОХ УУ, ОХИДОО ЯАЖ ХАРАХ УУ
ГЭДГЭЭС МАШ ИХ ЗҮРХШЭЭЖ, ШАНАЛЖ БАЙНА-

-Хамгийн хайртай хүмүүсээ ойр, ойрхон алдана гэдэг үнэхээр хүнд цохилт. Таны хувьд энэ мэдээнүүдийг ар араас нь сонсох үнэхээр хүнд байсан байх? Юуг бодож өөрийнхөө сэтгэлийг барьж, хатуумжилж байсан бэ?

-Үнэхээр аймар байсан. Гэхдээ үр хүүхэд, талийгч нөхрөө бодож л тайвширч байсан. Энэ тахалт өвчин гараагүй байсан бол би нөхрөө алдахгүй ч байсан юм билүү. Алдах байсан ч нэг удаа ч гэсэн чанга тэврээд, үнсээд явуулах байсан. Бас долоодугаар сарын 24-нд өгсөн өргөдөлийг минь хүлээж авсан бол гэж маш их боддог. Сүүлийн мөчид нь хамт байгаагүй учраас гуйсаар байгаад моргт байгаа зургийг нь охиноороо авхуулсан. Ингээд гаргах өдөр нь өөрийгөө барьж, зургийг нь утаснаасаа устгасан. Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэж ярьдаг шүү дээ. Найз нөхөд, үр хүүхэд маань ч гэсэн их сэтгэлийн дэм өгч байна. Одоо хүүхдүүдээ бодож л амьдрах сонголт үлдсэн. Дээрээс нь  ганцхан би ч хэцүү байгаа биш шүү дээ. Хүүхдүүд маань их шаналж байгаа. Тэр тусмаа 14 настай охиндоо их зовж байна. Хар нялхаасаа эмээ дээрээ өсчихсөн, аавдаа их эрх охин. Гэтэл хамгийн хайртай хоёр хүнээ алдаад, дээрээс нь ээж, ах хоёр нь хол байгаа. Хоёр охин минь тэнд яах учраа олохгүй, уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа.

-Удахгүй эх орондоо очихоор болсон юм байна. Онгоцонд багтахын тулд гадаадад байгаа иргэдийн групп дээр учир шалтгаанаа бичихэд суудлаа өгье гэсэн хүмүүс бас байсан гэж сонссон?

-Тийм ээ, хэцүү мэдээ сонсоод яах учраа ололгүй гадаадад байгаа иргэдийн групп дээр учир шалтгаанаа бичихэд олон хүмүүс “би суудлаа өгье, миний оронд явчих” гэж их бичиж байсан. Элчин дээр очоод асуухад “мөнгө төгрөгнөөс болоод, тэгж явуулахаа больчихсон” гэж байсан л даа. Гэхдээ тэдгээр хүмүүст маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Хэцүү үед маш их урам, сэтгэлийн дэм болж байсан юм шүү.

-ДОЛООДУГААР САРД ӨГСӨН ӨРГӨДӨЛИЙГ МИНЬ УОК ХҮЛЭЭЖ АВЧ
ОНГОЦОНД БАГТСАН БОЛ ХАНЬ МИНЬ ОДОО АМЬД БАЙХ
БАЙСАН Ч ЮМ БИЛ ҮҮ ГЭЖ БОДДОГ-

-Өнгөрсөн хугацаанд БНСУ-д халдвар эрчимтэй тархаж байсан. Энэ хугацаанд хаана байрлаж, өөрсдийгөө халдвараас яаж хамгаалж байсан бэ?

-Тийм ээ, халдвар тархаж байх үед ажил олдохгүй байсан. Хүү маань удалгүй ахуйн хэрэглээний хог ангилах үйлдвэрт ажилд орсон. Нөхөр бид хоёр манжингийн үйлдвэрт ажиллаж байсан. Энэ үед гадуур аль болох гарахгүйг хичээж, ариун цэврийг маш сайн сахиж байлаа. Дөрөвдүгээр сараас Тэгүгээс бүр урагшаа сонгино,сармис хураахаар тариалангийн талбайд хүүтэйгээ хамт ирж ажилласан. Халдвар авах эрсдэл ч бас бага юм бол уу гэж бодсон юм. Удалгүй хүүтэй минь хамт ажилладаг нэг сайхан сэтгэлт залуу хүү бид хоёрт байрлах байр гаргаж өгч, дэлгүүрт ажиллах санал тавьсан. Гэтэл миний даралт ихсээд битүү орчинд ажиллаж чадахгүй байсан учраас бүүр өндөр уулын орой дээрээс чинжүү хураах ажилд орсон. Ингээд энэ ажилд ороод удаагүй байтал хань минь нас барсан гэж мэдээ ирсэн юм. Тэгээд хүү дээрээ уйлсаар ирсэн дээ.

-Хүү нь энэ мэдээг сонсоод их цочирдсон байх?

-Тийм ээ, нэг хэсэг их хүнд цохилтонд орсон. Ажлаа тараад орж ирээд намайг чанга тэвэрсэн. Аав нь өнгөрөхийнхөө өмнөх өдөр хүү рүүгээ “аав нь хүүгээрээ их бахархдаг шүү. Миний хүү хамгийн мундаг” гэж бичсэн байсан юм байна лээ. Тэгээд хүү минь тэрийг яриад л маш их уйлсан. Би ч хүүгээ “миний хүү сэтгэлээ онгойтол уйл” гэж хэлж байсан. Хүү маань “ээж ээ, та эгч дүү хоёр дээр оч. Би хил нээхээр монгол руу буцья” гэж хэлсэн. Ингээд хүүгээ хүний  нутагт орхиод л буцах гэж байна даа. Санаа зовж байгаа ч хамт ажилладаг хүмүүс нь сайн хүмүүс учраас итгээд буцах гэж байна.

-Удахгүй эх орондоо ирэх гэж байна. Ирээд бас тусгаарлагдаад арван сараас л охидуудтайгаа уулзах юм байна?

-Тийм ээ, ирээд бас энэ олон хоног яаж тусгаарлагдана аа л гэж бодож байна. Гэхдээ энэ олон сар тэсээд ирсэн юм чинь болох байх аа. Талийгчдийнхаа 49 хоног болохоос өмнө л охидууд дээрээ очмоор байна. Охидууд маань тэнд юу ч мэдэхгүй, учраа олохгүй байж байгаа гэж бодохоор хурдан л очмоор байна. Очоод талийгчдийнхаа 49 хоногоор буян хурааж, тэдэндээ ном сайн уншуулна л гэж бодож байна даа. Бас охидууд маань их сэтгэлийн  шаналалд автчихсан байгаа. Тэднийгээ тайвшруулж, болохгүй бол сэтгэл зүйчид ч гэсэн хандана гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд энэ өвчнөөс болж бусад хүмүүсийн  гэр бүл амьдын хагацал битгий үзээсэй гэж бодож, залбирч байна даа.

-Ярилцсанд баярлалаа.