Хурдасгуурын тосолгоондоо "саван" ашигласан "Tesla" компани "Cybertruck" автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

Хурдасгуурын тосолгоондоо "саван" ашигласан "Tesla" компани "Cybertruck" автомашинаа зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч "Тесла" компани дөрвөн жилийн дараа сүр дуулиантайгаар гаргасан "Cybertruck" автомашинаа дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Учир нь, Холбооны автомашины аюулгүй байдлын агентлаг 2023 оны сүүлээр худалдаалагдаж эхэлсэн пикап загварын "Cybertruck" машины хурдасгуур дөрөө гацаж, ослын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж мэдэгджээ.Тиймээс NHTSA буюу Холбооны автомашины аюулгүй байдлын агентлагаас 2023 оны 11-р сарын 13-наас 2024 оны 4-р сарын 4 хүртэл үйлдвэрлэсэн 2024 оны бүх загварын 4000 гаруй "Cybertruck" машиныг зах зээлээс эргүүлэн татах тушаал өгсөн байна.

Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газраас гаргасан эргүүлэн татах тухай баримт бичигт "Техас мужийн Остин хотын ойролцоох "Тесла"-гийн үйлдвэрт тус машиныг угсарч байгаа ажилчид хурдасгуурын дөрөөнд зөвшөөрөгдөөгүй тосолгооны материал буюу "саван" ашигласан нь тогтоогдсон. Энэхүү согог нь автомашиныг жолоочоос үл хамааран санамсаргүйгээр хурдасгахад хүргэж болзошгүй гэж мэдэгджээ. "Cybertruck" автомашины хурдасгагчтай холбоотой асуудал анх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон онлайн хэлэлцүүлгийн аппликейшнүүдэд гарч эхэлжээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард анхааруулах дохионы самбар дээрх үсгийн хэмжээ хэтэрхий жижиг байсан тул хоёр сая гаруй тээврийн хэрэгслийг эргүүлэн татаж байжээ.

"Cybertruck" загвар зах зээлд гарснаасаа хойш 12-18 сарын дараа Теслад бодитой орлого оруулж эхлэхийг Илон Маск өнгөрсөн сард хөрөнгө оруулагчдад мэдэгдэж байжээ. 2019 онд анх танилцуулахдаа "Cybertruck"-ийн үнэ $40,000-аас эхлэхийг Маск зарлаж байсан ч өнгөрсөн хугацаанд түүхий эдийн үнэ нэлээд өссөн тул $60,990-$79,990 хүрнэ гэж стратегичид мэдэгдэж байсан юм.

"Cybertruck" машины тухайд хаалгыг нь сансрын "SpaceX" пуужин бүтээхэд ашигласан хайлшаар хийсэн тул сум нэвтрэхгүй, хажуу талдаа тольгүй камераар хардаг, цагт 250 км/цаг хурдлах боломжтой, нэг цэнэглэлтээр 600 гаруй км явах ба бүх гадна, дотно загвар хийц минималист төрлөөр загварчилж хийгдсэн хэмээн "Тесла" компаний зүгээс мэдэгдэж байжээ. Тиймээс ч шинэ технологи, шинэ дизайн ашиглаж буй тул бөөнөөр үйлдвэрлэхэд асар их бэрхшээлтэй тулгарч байгаагаа Маск тайлбарлаж байв.

Тус компани шинээр гарч ирж буй өрсөлдөгчдийнхөө зах зээлд эзлэх хувийг алдаж байгаа бөгөөд энэ сард оны эхний гурван сарын борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс буурсан нь хөрөнгө оруулагчдыг бухимдуулж, компанийн хувьцаа энэ жил гэхэд 40 орчим хувиар унаад байгаа юм.

Эх сурвалж: New York Times