ШУУД: Гандийн нэрэмжит сургуулийн оюутнууд маргалдаж нэгийгээ хутгалжээ

ШУУД: Гандийн нэрэмжит сургуулийн оюутнууд маргалдаж нэгийгээ хутгалжээ

Энэ сарын 22-ны өдөр 12.40 цагийн үед /2020.09.22/ Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутнууд зодолдон улмаар нэгнийгээ хутгалж хүнд гэмтээжээ. 

Тодруулбал, авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь цаасны хутгаар тогоочийн хоёрдугаар ангийн дамжааны Х, Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 15 настай Б нарыг хүнд гэмтээжээ. Мөн уг зодоонд хоёрдугаар дамжааны оюутан Т өртөж толгойдоо хүнд гэмтэл авсан байна. 

Зодооны улмаас 15 настай Б ийн хэвлийн тус газар хүнд гэмтэн цус алдаж яаралтай хагалгаанд оржээ. Оюутнууд сургуулийнхаа хойно уг хэргийг үйлдсэн хэмээн тус сургуулийн оюутнууд хэлж байна. 

-ХЭРЭГ ҮЙЛДСЭН Б СУРГУУЛЬДАА ЯВЖ БАЙГАА-

Хэргийн талаар Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн нийгмийн ажилтан В.Гэрэлцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Авто машин засварын ангийн Б сургуулийн үүдэнд хоёр охин явж байхад нь бөгснөөс нь барих гэж оролдсон. Энэ үйлдлийг нь зогсоохоор хоёрдугаар дамжааны Х, Б ирээд алгадсан гэсэн. Тэгээд нөгөө алгадуулсан хүүхэд хоёрдугаар дамжааныханд ингэж дээрэлхүүлэхгүй гээд зодолдсон байгаа юм. Тэгээд нэг хүүхдийг хэвлийн тус газарт нь хутгалж, гэмтээсэн. Тухайн хүүхдийг манай сургуулийн эмч цаг алдалгүй боолт хийж, яаралтай түргэн тусламж дуудсан.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалж хүүхдүүд цаасны хутга, гааз ашиглах тохиолдол бий. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг үйлдсэн хүүхдийг сургуульд явуулж байх шийдвэрийг гаргасан. Хэрэг үйлдсэн Б нь одоо сургуульдаа явж байгаа. Энэ хүүхэд нь манай сургуульд сүүлд нэмэлтээр есдүгээр сарын 10-наас эхэлж суралцаж байгаа. Гэмтсэн хүүхдүүдийн эрүүл мэндэд зарцуулах зардлыг тухайн хүүхэд гаргасан” хэмээх тайлбарыг өгчээ. 

Биднийг очиход нийгмийн ажилтан нь цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөхөөр явсан байв. 

Бид энэ талаар сургуулийн захирал болон оюутнуудаас тодруулах гэхэд "Хэргийн талаар ярьж болохгүй гэсэн" гэж нууцалсан юм.

ШУУД: