СУРВАЛЖИЛГА: Харуулын ажилтны цогцос цахилгаан шатны хонгилд 16 хоног байсан

СУРВАЛЖИЛГА: Харуулын ажилтны цогцос цахилгаан шатны хонгилд 16 хоног байсан

Иргэн Б.Болороогийн нөхөр харамсалтайгаар амиа алдсан хэрэгт хүн бүхэн гашуудан харамсаж сууна. Хамгийн их иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа гол учир нь ажлын байран дээрээ гацаж ажиллахгүй байсан цахилгаан шатанд байсан иргэнийг аварч өөрөө амь эрсэдсэн харуул хамгаалалтын ажилтан талийгаач А-г унаснаас нь хойш 16 хоног олоогүй. Мөн цагдаад эрэн хайх гомдол мэдээлэл өгсөн хэдий ч амь хохирогчийн эхнэр хөгжлийн бэрхшээлтэй учир цагдаагийн алба хаагчид үл тоосон гэх асуудал юм.

Энэ хэргийн учир шалтгааныг тодруулахаар бид талийгаачийн унаж амиа алдсан орон сууцны хорооллыг зорилоо.

Нийслэлийн СХД-ийн 18-р хороонд байрлах 50 дугаар байр

-ТАЛИЙГААЧ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛТЭЙ АЖЛАА ХИЙДЭГ БАЙСАН ГЭВ-

Талийгаач Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны харуулаар ажиллаад жил гаран болсон байв. Тэрхүү орон сууцны хорооллыг “Хишиг арвин” гэх хамгаалалтын алба хариуцсан ажилладаг аж. Биднийг сурвалжилахаар орон сууцны хороололд очиж СӨХ болон орцны жижүүр байгаа эсэхийг лавлахад оршин суугчид

“Тийм жижүүр гэсэн хүн байхгүй. Бас СӨХ гэж өмнө нь сонсож байгаагүй тухайгаа хэлж байлаа. Харин хамгаалалтын алба гэж бий тэд автомашины зогсоолыг нь хамгаалдаг юм” гэлцэж байв.

Харин хамгаалалтын албаны байрлах цэгт очиж хамгаалалтын албанд ажиллаж байсан ажилтан цахилгаан шатанд унаж нас барсан хэрэг гарсан тухай мэдээлэл авах гэсэн тухайгаа хэлэхэд харуулын ажилтан “Тийм хэрэг болсон гэж дуулсан гэхдээ би энд шинээр ирсэн тул огт мэдээлэлгүй байна" гэв. Учир нь талийгаач ажлаа хийж байгаад нас барсан тухай мэдсэнээс хойш 50 дугаар байранд харуулын үүрэг гүйцэтгэж байсан бүх алба хаагчид солигдож шинээр ажилтнууд ирсэн байв.

Зарим оршин суугчид “Орц тэр чигтээ муухай үнэртээд олон хоносон бид нар харуулын ажилтан нарт хэлж байсан” гэв.

Энэ хэрэг гарахаас өмнө харуулын нэг ажилтан нь ажлын хэрэгсэл болох станц, түлхүүр зэргийг аваад сураггүй болсон тул хамгаалалтын байгууллагын зүгээс цагдаад хандсан тухай оршин суугчдад хэлж байж.

Цагдаагийн байгууллагад талийгаачийн эхнэр зургадугаар сарын 22-ны өдөр сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагааг явуулж өгөх өргөдөл өгсөн байна. Харин хэд хоногийн дараа сураглан очиход хайж байгаа гэхээс өөр мэдээлэл өгөөгүй талаар Б.Болор өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн билээ.

Хамгаалалтын гэх байр

-ХЭРЭВ МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ БИД АЖЛААСАА ХАЛАГДАНА-

Гэтэл долдугаар сарын 8-ны өглөөний 8:38 цагт цагдаагийн байгууллагад цахилгаан шатны хөндий хэсэгт нас барсан хүн байна гэх мэдээллийг хамгаалалтын ажилтнууд өгсөн байна. Дээрх мэдээллийг шалгахад, нөхрөө ороод ирнээ хэмээн нулимс дуслуулан хүлээсэн эхнэр Б.Болор, орой бүр аавыгаа нэхэж уйлж суух түүний охины хайрт аав, халамжит хань  нь байсан, талийгаач 28 настай А нь аль хэдийнэ амьсгал хураагаад өмхийрч муудсан цогцос нь олдсон байна. Энэхүү харамсалтай хэргийн талаар “Хишиг арвин” гэх хамгаалалтын албаныхан нууцалж байв.

Ажилтан хэлэхдээ: “Хэрэв мэдээлэл өгөх юм бол би ажилгүй болно” хэмээв.

Бид хамгаалалтын албаны төв салбарыг оршин суугчдаас сураглан очиход мөн л мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ хэлж байсан юм. Мөн тэнд “Хакмс” гэх өөр нэг гэрээт хамгаалалт байх бөгөөд “Хишиг Арвин” хамгаалалтын газрын эзэний хүүгийнх нь хамгаалалтын газар гэх. Тэрхүү хамгаалалтын албаны ээлжийн ахлах гэх хүнтэй утсаар холбогдоход,

“Энэ хэрэг манайд огт хамаагүй. Та нар тэр цагдаагийн алба хаагчдаас очиж асуу” хэмээн зандрангуй утсаа таслав.

Энэхүү байгууллагын ажилтан ажлын байран дээрээ цахилгаан шатанд гацсан иргэний гаргаж улмаар хаалга янзалж байгаад өөрөө унаж амь насаа алдчихаад байхад ар гэрт нь “Танай хүн ажлын бүх түлхүүр, станц аваад явсан хэмээн уурлаж, дутуу цалин өгсөн. Мөн оршин суугчдад хариуцлагагүй ажилтан түлхүүр  аваад явсан тухай дурьдаж байсан. Эхнэрийнх нь нагац ах нь ирж аль зүгт явсан талаар нь харах гэсэн учраа хэлж хяналтын камер харах гэсэн ч харуулаагүй.

Түүнчлэн ажилтан нь сураггүй алга болоод байхад харуулын обектуудаа шалгаж нягтлаагүй зэрэг маш олон хяналт хариуцлагагүй байсныхаа төлөө тэд өнөөдөр манай байгууллагад хамаагүй хэмээн хэлж байна.

Иргэн А-ын унаж, амиа алдсан лифтны орчин

-“ЭГЧЭЭ МАНАЙ ЦАХИЛГААН ШАТАНД ХҮН НАС БАРСАН БОЛОХООР АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА”-

Одоогийн байдлаар тэрхүү орон сууцны хорооллын цахилгаан шат хэрэг явдлаас хойш ажлаагүй хэвээр байна. Мөн гадаа тоглох хүүхдүүд “Эгчээ манай байранд хүн нас бараад цахилгаан шат ажиллахгүй байгаа гэж хэлэв.

Оршин суугчдаас хэргийн талаар мэдээлэл цуглуулах үеэр “Их сайн залуу байсан. Байнга л орон сууцнуудыг эргэж тойрч байгаа нь харагддаг байсан. Гэтэл нас барсан гэж файсбүүкээс олж уншаад ихэд харамссан гэдгээ хэлж байсан билээ.

Харин энэхүү орон сууцны цэвэрлэгээ болон СӨХ-ийг хариуцан ажилладаг Мядагмаа гэх эмэгтэй байдаг талаар мэдээлэл авч утас руу учир байдлаа хэлж мэдээлэл авах гэсэн юм гэтэл хариу өгөхгүй утасаа тасласан юм. Оршин суугчдын хэлж байгаагаар дөрвөн давхарт гэр нь бий гэх сургаар очтол хаалгаа тайлж өгөхгүй байв. Энэ мэтчилэн дээрх хэргийг орон сууцыг хариуцан ажилладаг хүмүүс хамгаалалтын албаныхан нь нууцалж байгаа нь илт байв.

Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж байгаа бөгөөд талийгаачийг хэзээ амьсгал хураасан, юуны учир нас барсан зэргийг шалгаж байгаа аж.

-ИРГЭН СУРАГГҮЙ БОЛСОН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДСАН ГЭХ МЭДЭЭЛИЙГ ШАЛГАЖ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ-

Мөн Б.Болороогийн “Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг удаашруулсан” гэх гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав бичлэн шалгах үүрэг өгсөн. Энэхүү шалгах ажлыг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал биечлэн хяналт тавьж, хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэхээр болоод буй. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдод Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид иргэдийг ялгаварлан, хүнд суртал гаргасан, эрэн сурвалжлах ажиллагааг хууль, журмын хүрээнд явуулсан эсэхэд албаны шалгалт явуулж дүнг танилцуулахаар болжээ.

У.УРАНЦЭЦЭГ




Улаанбаатарт 20 градус дулаан байна

31 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

34 минутын өмнө