ДЭЛХИЙД: "Рио Тинто"-гийн дотоод маргаан хурцдаж, Оюу Толгой олны анхаарлыг татаж эхэллээ

ДЭЛХИЙД: "Рио Тинто"-гийн дотоод маргаан хурцдаж, Оюу Толгой олны анхаарлыг татаж эхэллээ

Монголын говьд зэсийн томоохон төсөл хэрэгжүүлж буй "Рио Тинто" компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүсээд буй маргаан олон нийтийн анхаарлыг татсаар байна. 

"Рио Тинто"-гийн хувьд Оюу Толгой төсөл хамгийн чухал төсөл билээ. Англи, Австралийн хамтын эзэмшил бүхий тус компани нь далд уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар зориулсан бөгөөд жилд 550 мянган тонн зэс олборлодог. Төслийн төгсгөлд "Оюу  Толгой" зэсийн эх үүсвэрээр дэлхийд гуравт бичигдэхүйц том орд болох юм. 

Гэвч өнөөдрийн байдлаар далд уурхайн төсөлд зарим асуудал үүсч, 2022 он хүртэл төслийг тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл бүрдэхгүй байх магадлалтай гэсэн билээ. Учир нь гүний уурхайг өртгөтгөхөд геологийн бүтцийг дахин судлах шаардлагатай гэж үзээд байгаа. Харин энэхүү саатлыг "Сэйлинг Стөүн"-ий зүгээс геологийн бүтцийн асуудал гэхээс илүү төслийн удирдлагуудын менежмент муугаас болсон гэжээ. "Рио Тинто"-гийн зүгээс эдгээр асуудлуудад тодорхой тайлбарууд өгөөгүй бөгөөд төслийн үр дүнгийн талаар наймдугаар сард мэдээлнэ гэсэн юм.  Түүнчлэн "Туркойз Хилл" компанийн хувьцаа эзэшигчдийн саналын дагуу компанийн засаглалыг сайжруулах зорилгоор 2018 онд шинэ удирдлагыг томилж, компанийн хувьцаа эзэмшигчдийн ТУЗ-д ажлаа тайлагнадаг бүтэцтэй болгосон билээ.

Хэдийгээр уг төслийг "Рио Тинто" групп хариуцдаг боловч шууд хувьцаа эзэмшигч биш юм. "Оюу Толгой"-н 66 хувийг "Туркойз Хилл Ресурс" групп эзэмшдэг бөгөөд үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин "Рио Тинто" групп Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн 50.8 хувийн хувьцааг эзэмшдэг. Уг компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрсэн юм. 

Канадад жил бүр тогтмол хувьцаа эзэмшигчдийн хурал болдог бөгөөд энэ үеэр "Сэйлинг Стөүн" фирмийн зүгээс "Туркойз Хилл" компанийн дөрвөн ч захиралыг улираан сонгохын эсрэг байр суурь илэрхийлжээ. 

Энэ нь "Рио Тинто"-гийн зүгээс сонгон томилсон захиралууд бөгөөд "Сэйлинг Стөүн"-ий зүгээс эдгээр захирлуудыг хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлын төлөө ажиллахгүй байна хэмээн шүүмжлэлтэй хандсан аж. "Сэйлинг Стөүн" фирм нь "Туркойз Хилл"-ийн 10.9 хувийн хувьцааг эзэмшдэг. Улмаар хувьцаа эзэшигчдийн дундын зөвлөлөөс нэг захирал томилох саналыг тус фирмээс санал болгожээ. Энэ нь тэд "Рио Тинто" компани 50.8 хувийн хувьцаа эзэмшиж байгаагаа 100 хувийн эзэмшигч мэтээр харж, аашилж байна гэж үзжээ. 

Монгол Улсын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг байгалийн баялгийг нь ашиглах асуудалд тун эмзэг ханддаг. Тус улсын УИХ-аас томилсон ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээндээ шүүмжлэлтэй хандаж эхэлсэн юм. "Туркойз Хилл" компанийн зүгээс тэдний ирүүлсэн тайлангийн хуулбарыг хүлээн авч танилцаж хариу дүгнэлтийг мөн илгээжээ. 

Ц.ТАМИР

Эх сурвалж: FinancialTimes