Монголд анх удаа цагаан адууны уралдаан болно

Монголд анх удаа цагаан адууны уралдаан болно

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн нутаг Соёо толгойд Дархад ястны өв уламжлал, зан заншлыг сэргээн хойч үедээ өвлүүлэн, өв соёлоороо бахархах, тэр дундаа Дархадын цагаан адууны удам угшлыг хамгаалан үржүүлэх, нутгийн малчин, адуучин залуусын эв нэгдлийг харуулан хамтран ажиллах, түүнийгээ олон нийтэд түгээн сурталчлах зорилгоор гурван жилд нэг удаа зохиогддог Дэлгэрхаан уулын тахилга, “Дархад хурд-6” наадам ирэх найман сарын 2-4-ний өдрүүдэд болно.

Энэ үеэр  зургаан насны морьдын уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан, үндэсний сур харваа, ганган хос морьтон, “Цагаан дээлтэй Дархад” урлагийн наадам, өв соёлын үзэсгэлэн, худалдаа зэрэг арга хэмжээнүүд болно.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачлагаар дан Дархад цагаан морьдын уралдаан болно. Энэхүү уралдаан нь Монголд анх удаа дан цагаан адууны уралдаан болох гэж  буйгаараа онцлогтой юм.  Цагаан адууны уралдаанд дээд гурван насны битүү морьд нийлж уралдах юм байна.

Дархад цагаан адуу нь бие томтой, бахим богино хүзүүтэй, хурд сайтай, хэвлий томтой, цээж өргөн шулуун урт биетэй адууны зүс ихэнхдээ цайвар бүгээн учир нутагшлаар нь дархад цагаан адуу гэж эртнээс нэрлэж иржээ.

Дархад цагаан адуу нь ихэвчлэн Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын нутагт өсгөн үржүүлж уналга эдэлгээнд ашиглаж ирсэн бол сүүлийн жилүүдэд ойт хээр, өндөр уулын бүсэд нутгийн монгол адуунд цус сэлбэн сайжруулж орон нутагт үүлдэр болгон үржүүлэх судалгааны ажил хийж байгаа ажээ.