Т.Их-Уул: О.Дөлгөөн ахыг өвчин ярьдаггүй, чанга хүн болохоор босоод ирнэ гэж их итгэсэн

Т.Их-Уул: О.Дөлгөөн ахыг өвчин ярьдаггүй, чанга хүн болохоор босоод ирнэ гэж их итгэсэн

Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч хүнд өвчний улмаас тэнгэрт халилаа. Монголчуудын сэтгэлийг цахим орчинд нэг зүгт хураан цуглуулсан #pray4dulguun хандивын аян нэгэн үзэгдэл болж үлдлээ. Бид талийгч О.Дөлгөөний дотны анд, нэг багийн тамирчин Т.Их-Уултай утсаар холбогдож, өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн явдлын талаар цөөн хором ярилцсан юм.

-БИД САЛЖ ХАГАЦАХЫГ МЭДЭХГҮЙ САЙН НАЙЗУУД, БАС АХ ДҮҮ НАР БАЙЛАА-

-Юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлье. Талийгч О.Дөлгөөнтэй хэдэн жил найзалж, нөхөрлөсөн бэ? үүнээс яриагаа эхэлье.

-Би О.Дөлгөөн ахтай анх 2014 онд танилцаж байлаа. Нэг багт хамтдаа зургаан жил тоглосон. Бид хоёр салж хагацахыг мэддэггүй сайн найзууд, бас ах дүүс байсан. Хааяадаа орой яг л хосууд шиг хамтдаа кино үздэг байв. Хамгийн сүүлд тавдугаар сард болсон АНУ-Монголын бүх оддын тоглолтод хамт тоглосон юм байна.

-Монголчууд О.Дөлгөөн хувь хүнийхээ хувьд ямар зан чанартай хүн байсан талаар сайн мэдэхгүй байх. Хамтдаа бүтээсэн хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Дөөк ах мөрөөдөлтэй, зорилготой нэгэн байсан. Бас их цагаахан, хүнд тусархуу. Маш хөдөлмөрч. Бас хамгийн сайн манлайлагч, удирдагч байсан гэж би хэлнэ.

Бидний хамгийн дурсамжтай үе оюутны лигийн аваргаа авсан тэр цаг мөч. Бид хоёр сагсны шийдний тороо хайчилцгааж, хамтдаа уйлж бас инээсэн. Хамгийн сайхан дурсамж үлдсэн.

-ХУВЬ ХҮНИЙХЭЭ ХУВЬД ӨВЧИН ХЭЛДЭГГҮЙ, ЧАНГА НЭГЭН–

-О.Дөлгөөнд АНУ-руу явахаас өмнө бие нь өвдөж байгаа шинж тэмдэг харагдаж байсан болов уу?

-Ах маань ерөөсөө өвчин хэлдэггүй хүн л дээ. АНУ-д очсоных нь дараа бие нь муудсан гэдэг мэдээг сонссон. Тухайн үед би өөрөө Серби улсад бэлтгэл хийж байлаа. Дөөк ах АНУ-д очсон хойноо надтай видео дуудлага хийн ярьж, “Энд ирчихлээ, сонин сайхан юу байна Bro” гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цахим хаягтаа story хийхгүй, фэйсбүүктээ орохгүй таг болчихсон. “Яасан бэ? бие нь зүгээр үү?” гэж бичихээр хариу илгээхгүй байсан. Гэтэл нэг өглөө л бие нь ингээд муудсан гэсэн мэдээлэл цахим орчинд түгээд эхэлсэн.

-Энэ бүх хугацаанд нэг багийн тамирчдын хувьд та бүхэн бүх л зүрх сэтгэлээ нэгтгэж байсан байх?

-Хувь хүний хувьд ерөөсөө өвчин ярьж явдаггүй, чанга хүн байсан болохоор босоод ирэх байх гэж маш их итгэж, найдаж байсан. АНУ-ын сайн эмнэлэгт хэвтсэн болохоор ч бас итгэж байсан. Өдөр алгасахгүй л бодож, залбирч байлаа. Манай багийн эмэгтэй тамирчид хандивын хайрцаг барьж нэлээд явсан.

-БИД ХОЁР ҮРГЭЛЖ ХАМТДАА МӨРӨӨДДӨГ БАЙСАН-

-Өөрөө нүүр хуудсандаа, “Дүү нь таныхаа долоо номерыг тив дэлхийд мандуулж явна аа” гэж бичсэн байсан?

-Бид хоёр үргэлж хамтдаа мөрөөддөг байсан юм. Хамтдаа шигшээ багийн довтлогч болох мөрөөдөлтэй. Хамгийн сүүлд намайг Найрамдал зусланд гаргаж өгөх гээд О.Дөлгөөн ах ирсэн, бид хоёр тэврэлдээд уулзсан. Тэр бидний хамгийн сүүлийн уулзалт байж.

Би 35 номертой. Ахын долоон номерын нэр хүндийг чадах хүртлээ өргөнө гэдгээ пост дээрээ илэрхийлсэн. Тэр цагт тэнгэрээс намайг харна гэж итгэж байна.

-О.Дөлгөөний гэр бүлтэй хэр дотно вэ? Холбогдож амжив уу?

-О.Дөлгөөн ахын гэр бүлтэй их дотно, гэрээр нь орж гарч, хоол унд иддэг байсан. Ахын найз охин АНУ-д байдаг, түүнтэйгээ уулзангаа тоглолт үзэх гэж яваад л ийм гэнэтийн юм боллоо. Би гэрийнхэнтэй нь айгаад холбогдож чадахгүй л сууна. Монголд ирснийх нь дараа хүүгийнх нь оронд хүү нь болж явна гэж бодож байна. Би Сербиэс сар орчим хугацааны өмнө ирсэн учраас, аав ээжтэй нь тухтай уулзаж чадаагүй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ярилцлагаар дамжуулан олон нийтэд хэлэх зүйл бий юу?

–Мэдээж фэйсбүүкэд гашуудаж байгаа маш олон хүн бий. Гэхдээ үүний хажуугаар тоглоом шоглоом хийсэн хүмүүс ч бас байна. “Үлдсэн хандивын мөнгө нь хаана байгаа бол, мөнгөө буцааж авъя” гэх мэт постууд харагдах. Миний ахад та нар дургүй байсан байж болно. Гэхдээ дэндүү эмх замбараагүй хандаж байна. Гашуудаж байгаа ар гэр, найз нөхдийнх нь сэтгэлийг бодож үзэхгүй байна гэдгийг сануулмаар байна.

Бас О.Баярцогт багш маань О.Дөлгөөн ахын төлөө маш их зүйл хийж, бүх зүрх сэтгэлээ зориулсан. Бас нэг багийн тамирчин н.Мөнхтүвшин ах хандивын аян зохион байгуулахаас эхлээд маш олон зүйлд гар бие оролцож, цаг мөч бүрт хамтдаа байсан. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн тусалсан, зүрх сэтгэлээ зориулсан, хандив өргөсөн бүх хүмүүст баярлалаа. Буян буцаж ирэхдээ бороо шиг асгарах болно.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө