ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭН: Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаад байна. Бүтэн сармис зажилж үзсэн юу ч мэдрэгдээгүй

ГЭРЭЭР ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭН: Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаад байна. Бүтэн сармис зажилж үзсэн юу ч мэдрэгдээгүй

Манай улс өнгөрсөн сарын сарын 12-ноос коронавирусийн халдвар авсан хөнгөн өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлаж, эмчилж эхэлсэн. ЭМЯ-ны өчигдрийн /2021.04.09/ мэдээллийн үеэр “Сүүлийн 24 цагийн хугацаанд гэрээр эмчлүүлж байсан 40 иргэн эдгэрсэн” гэж байв. Мөн гэрээр эмчлүүлж буй иргэдэд зориулсан багцыг ЭМЯ-аас гаргасан талаар хэд хоногийн өмнө мэдээлсэн. Тус багцад халууны шил, парацетамол, 10 хоногийн турш уух витамин С, Д багтаж байгаа юм.

Гэхдээ хүссэн хүн бүрийг гэрт нь тусгаарлахгүй. Тухайлбал, гэртээ бага насны хүүхэд, өндөр настантай хамт амьдардаг иргэд гэрээр эмчлүүлэх эрсдэлтэй талаар ЭМЯ-аас хэлж байв. Тэгвэл халдвар авч гэрээр эмчлүүлж буй иргэн Д бидэнд хандаж нөхцөл байдал ямар байгаа талаар хэллээ. Тус иргэн гэртээ бага насны хоёр хүүхэдтэй хамт амьдардаг аж.

-Та одоо халдвар авч гэрээр эмчлүүлж байгаа юм байна. Хэзээ PCR шинжилгээний тань хариу эерэг гарсан бэ?

-Гэрээр эмчлүүлж байгаа гэвэл бас өрөөсгөл ойлголт болох байх. Би өөрөө өөрийгөө эмчилж байгаа гэвэл зөв болно. Эмнэлгийн байгууллагаас ямар нэгэн эмчилгээ хийхгүй байгаа. Халдвар авсан гэдгээ өнгөрсөн лхагва гарагт/2021.04.07/ мэдсэн. 

-Шинж тэмдэг илэрч эхэлсэн учраас шинжилгээ өгсөн үү. Эсвэл өмнө нь шинжилгээ өгсөн байв уу?

-PCR шинжилгээг би мягмар гарагт /2021.04.06/өгсөн. Даваа гарагт өглөө босоход хоолой бага зэрэг өвдчихсөн, хамар битүүрчихсэн босож ирсэн. Би өмнөх шөнө нь ажлаасаа гэртээ харихдаа бага зэрэг даарчихсан юм. Тэгээд л хоолой өвдөж гэж бодоод тухайн өдрөө эмийн сангаас хоолойн эм авч уугаад ажилдаа явсан. Гэтэл ажил дээр толгой манараад, ерөөсөө төвлөрч чадахгүй байсан. Цайны цагаараа эмийн сан орж, халууны шил аваад халуунаа үзтэл хэвийн, тэгсэн хэрнээ бие зарайгаад, тавгүйрхэж эхэлсэн. Үдээс хойш чөлөө аваад гэртээ ирсэн. Гэтэл орой нь халуурч эхэлсэн. Тэгээд л гэрийнхэн маань айж, сандраад 119-рүү залгахад “Өрхийн эмнэлэгтээ ханд” гэсэн. Өрхийн эмнэлэг утсаа авахгүй байсаар тэр шөнө өнгөрсөн. Ингээд өглөө нь Өрхийн эмнэлгээс ирж шинжилгээ авахад эерэг гарсан.  

-Та шинжилгээ эерэг гарахын өмнөх өдөр ажилдаа явсан юм байна. Ажлынхнаас тань халдвар авсан өөр хүн байгаа юу?

-Одоохондоо мэдэгдсэн зүйл алга. Надтай тэр өдөр харьцсан хүмүүс гэртээ өөрийгөө тусгаарлаж ажилдаа явахгүй байгаа юм байна лээ. Тусгаарлагдаж байгаа хэдээс одоохондоо халдвар авсан хүн байхгүй.

-Та өөрийгөө хаанаас халдвар авснаа мэдэж байна уу. Магадгүй ойрын, эсвэл дам хавьтал болсон юм болов уу?

-Үнэхээр мэдэх юм алга. Халдвар эрчимжиж эхэлсэн учраас би олон хүнтэй газраар аль болох үйлчлүүлэхгүйг хичээж ирсэн. Гадуур хүртэл хооллохоос зайлсхийж, өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж явдаг болоод удаж байна. Бас ажил дээрээ ч тогтмол амны хаалж зүүж, хоёр цаг тутамд сольдог. Гэхдээ ямар нэгэн байдлаар амны хаалтаа авах үе гардаг. Шинжилгээ эерэг гарахаас өмнөх өдрүүдэд би ажил гэр гэсэн л маршруттай байсан. Мэдээж гэрийн болон ажлын ойр хавийн дэлгүүрээр үйлчлүүлсэн. Гэхдээ тэндээс халдвар авах боломжгүй шүү дээ. 2-3 минут үйлчлүүлээд гарахад халдвар авах үндэсгүй гэж бодож байна.

-Шинжилгээ эерэг гарсны дараа танд ямар шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бэ?

-Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр өндөр халуурсан. Маргааш нь бие маш сульдчихсан байсан. Тэрнээс хойш үнэр амт мэдрэхээ больчихсон. Бүр 100 хувь юу ч амталж, үнэрлэж чадахаа больчихдог юм байна. Аргаа бараад бүтэн сармис зажилж үзсэн. Юу ч мэдрэгдээгүй. Давс хэлэн дээрээ тавьж үзсэн. Бас л ямар ч нөлөөгүй. Үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдаад бараг дөрөв хонож байна. Одоо ч хэвээрээ. Бас хоолны дуршилгүй болсон. Дархлаагаа дэмжихийн тулд л хүчээр идэж байна. Харин дахиж халуураагүй. Гэхдээ толгой бага зэрэг өвдөж, босохоор нүд харанхуйлж, эргээд байгаа.

-ХАЛДВАР АВСАН ИРГЭД ГЭРЭЭР “ЭМЧЛҮҮЛЖ” БАЙГАА ЮМ БИШ. ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ “ЭМЧИЛЖ” БАЙНА-

-Танайх хэдүүлээ амьдардаг вэ. Бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүн байдаг бол гэрээр тусгаарлагдах эрсдэлтэй гээд байгаа шүү дээ?

-Би ах, эгч, хоёр дүүгийн хамт амьдардаг. Нэг дүү маань гурав, нөгөө нь таван настай. Дүү нартаа халдвар өгчихсөн байх вий гэхээс л хамгийн их айсан. Шинжилгээний хариу эерэг гарсан шөнө бараг унтаж чадаагүй. Маргааш нь өрхөөс дахин ирж гэрийнхнээс маань шинжилгээ авсан. Бүгд сөрөг гарсан. Гэхдээ бид чинь дундаа нэг ариун цэврийн өрөө хэрэглэдэг. Өөрийгөө тусгаарласан ч гэсэн гэрийнхэндээ ямар нэгэн байдлаар халдвар тараах өндөр эрсдэлтэй шүү дээ.

-ХӨСҮТ-д гэрийнхээ нөхцөл байдлыг хэлж, эмнэлэгт очих хүсэлт гаргасан уу?

-Халдвартай гэдгээ мэдээд 119, ХӨСҮТ-рүү залгахад өрхийн эмнэлэгтээ ханд гээд тоогоогүй. Хүнд өвчилсөн хүмүүсийн хажууд бол би хөнгөн өвчтөнд тооцогдох биз. Хамгийн гол нь дүү нартаа халдвар тараачих вий гэхээс л эмээгээд байгаа юм.

-ХӨСҮТ-ээс гэрээр эмчлүүлж буй иргэдэд зориулсан багц өгч байгаа. Витамин Д,С халууны шил зэрэг багтаж байсан. Танд өгсөн үү?

-Үгүй ээ. Угаасаа тэр багцад нь байгаа зүйлсийг дурын эмийн сан ороод авчхаж болно шүү дээ.

-Өрхийн эмнэлэгтэйгээ холбогдсон уу. Ямар зөвлөгөө өгч байна?

-Халуун хоол, цайгаа тогтмол ууж хэрэглэ. Өдөрт 1000-тай витамин С, 4000-тай витамин Д уу гэсэн. Бас норов 7, мана 4 гэдэг тана олж уу гэсэн.

-Таны хувьд өөр ямар нэгэн эм бэлдмэл хэрэглэж байгаа юу?

-Үгүй ээ. Одоохондоо витамин Д, С-ээ уугаад хоолоо идээд л байж байна. Миний хувьд биемахбодийн гэхээсээ илүү сэтгэл санааны байдал их хүнд байна. Дотоодод халдвар тархсанаас хойш 1000 гаруй хүүхэд халдвар авсан гэсэн. Дүү нартаа халдвар өгчих вий гээд өдөрт нэг л удаа ариун цэврийн өрөө орж байгаа. Ах, эгч маань “зүгээр” гэж сэтгэл санаагаар дэмжиж байгаа ч эрсдэлтэй нөхцөлд байна шүү дээ. Эрүүл мэндийн яамны мэдээ сонсоход гэрээр эмчлүүлж байсан 40 хүн эдгэрлээ гэж байсан. Үнэндээ тэр хүмүүс эмчлүүлээгүй, өөрөө өөрийгөө эмчилсэн. Би ч одоо өөрийгөө эмчлээд явж байна. Зурагтын мэдээгээр их л сайхан зүйл ярих юм. Гэвч бодит байдал ийм л байна. Би эмч нарт буруу өгөхгүй ээ. Бас ХӨСҮТ-ийнхэд. Үнэхээр нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байна. Манайх олон өрөөтэй тулдаа гэртээ тусгаарлагдаж болоод байна. Гэхдээ нэг өрөөтэй, эсвэл монгол гэрт амьдардаг иргэд халдвар авбал гэрээр тусгаарлагдах ямар ч боломжгүй. Ганцаараа амьдардаг бол яая гэхэв. Гэхдээ жаахан хүүхдүүдтэй эвсэл өндөр настантай хамт амьдардаг бол ямар ч боломжгүй шүү дээ. Тиймээс өвчтөнүүдийн ар гэрийн нөхцөл байдлыг анхаарч, дээд доод шатандаа уялдаатай ажиллаасай гэж л хүсмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.